А.Золбоо: "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг насан туршдаа мартахгүй


А.Золбоо: "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг насан туршдаа мартахгүй

 

БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутнуудыг авчрах үйл ажиллагааг Засгийн газрын холбогдох яамд болон эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж, 31 оюутан, нэг хүүхдийг өнөөдөр /2020.02.01/ Улаанбаатарт авчирсан билээ. Тэднийг нэг болох оюутан А.Золбоо Монголд ирсэн сэтгэгдлээ сошиал хуудсаараа дамжуулан хуваалцжээ.

Сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа

Сайн байцгаана уу. Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хилийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж ямар нэгэн халдвар аваагүй гэж үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ. Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье. Удахгүй тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж, чадах хэрээрээ нийтлэл бичин оруулах болно.

Яг одоо бидний 30 оюутан, 1 бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарын нарийн хяналт оор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллээс харж байгаа байх.

Өчигдөр орой Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа өнлөр хариуцлагатай зохион байгуулж, яг одоо ХӨСҮТ-ийн дулаахан сайхан энергитэй өрөөнүүдэд бид ирснээр өндөрлөж байна. Оюутан бид хүн ардын эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрээр тус тусдаа тусгаарлагдаад байна.

Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байх нь ээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхав дээ. Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо ч уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа. Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаардагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь. Одоо гол зүйлдээ орье. Ухань хотоос надтай хамтдаа ирсэн 30 оюутны маань гэр бүлийнхэн хувь чатаар над руу яаралтай холбогдохыг хүсэж байна. Учир нь бид хоорондоо уулзах боломжгүй байгаа ба тэд маань гар утсаа халдваргүйжүүлэхээр өгсөн тул одоогоор утасгүй, мөн монгол дугааргүй байна. (Би түрүүнд нь утсаа халдваргүйжүүлчихсэн шүү.)

Тиймээс ахин сануулъя, оюутнуудын маань гэр бүлийнхэн надтай яаралтай хувь чатаар холбогдоорой.

Цаашаа дамжуулж өгнө үү.

Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа. Монголын ард түмэн, төр засгийнхаа "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй, МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО.

 
Zindaa.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.