Английн премьер лигийн 28 дугаар тойргийн зарим тоглолт өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байсан "Манчестер Юнайтед" клуб "Эвертон"-ы талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Уг нь "Челси" оноо алдсан үед хожсон бол дөрөвдүгээр байр руу дөхөх байлаа. Гэвч өөрсдөө дагаад оноо алдаж, арай гэж тэнцээтэй буцав.
Тоглолтын 3 дахь минутад "Манчестер Юнайтед" хаалгач Де Хеагийн байж боломгүй алдааг ашиглаж, Кэлверт-Льюин тооны харьцааг нээсэн. Тэгвэл хаалгачийнхаа алдааг Бруна Фернандеш 31 дэх минутад залруулж, тэнцүүлсэн юм. Тоглолтын төгсгөлд "Эвертон" нэг гоол нэмж оруулсан ч отон тоглолт байсан гэж үзэж, тооцоогүй. Ингэнснээр "Манчестер Юнайтед" 42 оноотой 5 дугаар байртаа үлдэж, "Эвертон" 37 оноотой 11 дүгээр байрт бичигдэж байна.
"Тоттенхэм"-ийн хувьд энэ тойрогт талбайдаа "Вулверхэмптон"-ыг хүлээж авч, тоглосон. Хэрвээ хожсон бол тавдугаар байр руу дэвших боломж байлаа. Гэвч талбайдаа 2:3-аар хожигдсоноор 40 оноотой хэвээр үлдэж, долдугаар байрт бичигдэж байна. Ард нь бичигдэж байгаа "Шеффилд" нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Хэрвээ хожвол "Тоттенхэм" байр ухарна.
Хожсон "Вулверхэмптон" 42 оноотой болж, гоолын зөрүүгээр зургадугаар байрт бичигдэж байна. Энэ удаагийн тоглолтын 13 дахь минутад "Тоттенхэм"-ээс Бергвейн гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч Доэрти 27 дахь минутад хариуг нь барив. Эхний үеийн цаг дуусахаас өмнө Орье 45 дахь минутад гоолдож, Лондоны баг тэргүүлж дуусгасан юм.
Харин хоёрдугаар үед "Вулверхэмптон" бүрэн илүүрхэж, Диого Жота 57 дахь минутад тэнцүүлсэн бол Раул Хименес 73 дахь минутад хожлын гоол орууллаа. Мөн тэрбээр энэ улиралд премьер лигт 13 гоол оруулаад байна.
Сэтгэгдэл