Европ тивд шинэ коронавирусийн тахлын хоёр дахь том төв болоод байгаа Испани улсад өчигдөр 24 цагийн дотор 738 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 3,434 хүрсэн байна. Ингэснээр тус улс нийт эндэгдлийн тоогоор Хятад улсыг ардаа орхиж, зөвхөн Италийн дараа орж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Covid-19 өвчнөөр нас барсан хүний нийт тоо Италид 7,503 байгаа бол Хятадад 3,281 болоод байна.
Үхлийн аюултай вирусийн тархалтыг зогсоохын тулд Испани улсын иргэд 11 дэх өдрөө хөл хорионы дэглэмд байгаа юм. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 47,610 хүрсэн нь Хятад, Итали, АНУ-ын дараа дэлхийд дөрөвт бичигдэх муу үзүүлэлт болж байна. Испанийн засгийн газрын шадар сайд Кармен Калво коронавирусийн халдвартай нь тогтоогдож, Даваа гарагаас хойш эмнэлэгт эмчлүүлж байгаа. Мөн өөр хоёр сайд болон ерөнхий сайд Педро Санчезийн гэргий халдвар аваад байна.
Европ тивийн коронавирусийн тархалтын хамгийн том төв болоод байгаа Итали улсад өчигдөр 683 өвчтөн нас барж, 5,210 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан шинэ халдварын өсөлтийн хувь буурсан нь 14 хоног орчим үргэлжилж байгаа хөл хорионы дэглэмийн үр дүн гарч байж магадгүй гэсэн найдлага төрүүлээд байна. Өчигдрийн халдварын тоо нь өмнөх өдрийн тооноос 7.5 хувиар өссөн нь тахал эхэлснээс хойш ажиглагдсан хамгийн бага өсөлт юм.
Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу оргил үедээ энэ хувь 57 хүрч байжээ. Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдол 430,770 хүрсэн бол нас барсан өвчтөний тоо 20,075 хүрээд байна. Нийт 102,131 өвчтөн халдвар авсныхаа дараа эдгэрчээ.
Р.Төмөр
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл