Сүүлийн хэдэн сар "Фантастик" продакшны “37-р точка” ОАМУСК үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Тус кинонд 1980-1990 оны үеийн амьдрал, ардчилал руу шилжиж буй үе, залуусын хайр дурлал, тэмцлийг харуулдаг. Кино гарч эхэлсэн цагаасаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа хэдий ч түүхийг гуйвуулсан зэргээр шүүмжлэх хүмүүс мөн цөөнгүй байгаа юм. Тэгвэл энэ талаар Ардчилалын "Алтан хараацай"-нуудын нэг Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл “Энэ киноны нэр нь их муу ёрын. 37-р точка байхдаа яахав дээ. 37 он руу заагаад, заналхийлээд байгаа аятай” гэж хэлсэн юм. Харин түүнд “37-р точка” найруулсан Найруулагч Б.Тамирын аав жүжигчин О.Бат-Өлзий өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу өглөө.
Тэрбээр “Парламент сувгаар сая ярилцлага явахыг үзлээ. Миний найз болон миний үеийн нэрт улс төрч хүмүүс ярьж байна. Тэд хувьсгалын тухай, сэхээтнүүд хувьсгал хийдэг тухай ярьж байснаа урлагын тухай бүр уран сайхны киноны тухай яриад эхлэлээ. Бүр "37 р точка" киног өөрсөд дээрээ наагаад эхэллээ.... энэ кино та нарын тухай кино бишээ тэр тусмаа хувьсгалчдын тухай биш захиалгаар ч хийсэн юм биш. Бат -Үүлээ 37 гэдэг тоо нь миний хүүгийн утасны сүүлийн тоонууд юм.
Чиний хүчээр холбох гээд байгаа он цаг нь 1930 - 1938 он юм шүү дээ. 37 гэдэг муу ёрын биш зүгээр л 38 - ын өмнө байрладаг юм. Түүхэн баримтат кинонд харин чи мөнхөрч үлдсэн шүүдээ. Энэ "37 -р точка "УСК найз нөхөрлөлийн тэр дундаа эрчүүдийн яс чанарыг өгүүлсэн юм. Та нар тэр балиар улс төрийн заваан нүнжиггүй амьдралруугаа битгий чих ! Битгий сандар ! Та нарын зүс төрхтэй ч дөхөж очсон царай байхгүй! Социализмын үед улс төрийн товчооны үзэл суртлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ "Хүний мөр" киноны 2 - р ангийг үзээд нэг иймэрхүү юм яриад сууж байсан гэдэг” хэмээлээ.
У.Мандах, FACT.MN
Сэтгэгдэл