АН-ын хагарал ба бие даагчид


Парламентад 4 жил сөрөг хүчин хийсэн АН сонгуулийн өмнө тарж бутарч эхэллээ. АН-ын дарга асан Н.Алтанхуяг “намын гишүүнчлэлээс хасагдсан” /өнгөрөгч онд болсон явдал/ шалтгаанаар бие даан нэр дэвшихээ зарлаж, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа мөн бие даан нэр дэвшигчээр СЕХ-нд бүртгүүллээ. Хотын захирагч асан Э.Бат-Үүл АН-ын дарга асан З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө мэдэгдэв.

Ингээд ирэх сонгуулиар АН-ын авч болох байсан мандатаас гурав нь хасагдав. Зөвхөн мандатын тоогоо алдаад зогсохгүй намын ерөнхий фоннд ч гэсэн таагүй өнгө үүсч байна. АН-ын төлөө гал, усанд орж явсан, намын томоохон лидерүүд бие даах болсныг олон нийт шүүмжилж, бие даагчдыг буруутгаж байгаа ч үүнд намын одоогийн удирдлагууд ч гэсэн гэм зэмгүй өнгөрөх аргагүй байна.

Ялангуяа С.Эрдэнийн багтаа авсан намын дэд дарга өөрөө бие даагчаар бүртгүүлсэн явдал нь намын дээд түвшинд нэлээд том ан цав гарчээ гэсэн үг. “Үнээнийхээ сүүг үхсэн нь хойно нь мэддэг” гэдэгчлэн АН-ынхан Н.Алтанхуягийн авч орсон 2012 оны сонгуулийг ярьж байна. С.Эрдэнэ тэр хэмжээнд намаа зохион байгуулж чадсангүй ээ гэж.

Ингээд АН-ын шинэ удирдлагаас өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан намын шинэчлэлийн аян гишүүдийнх нь үе насны, шинэ хуучны ялгарлаар дуусч байх шиг. Зодоон болоход нэг хүний буруу байдаггүй, заавал хоёулаа харилцан зодолдож байж зодолдсонд тооцдог. Тэгэхээр “бие даана” гэж мэдэгдсэн хүн бүрийг “намаа хагаллаа” гэж буруутгах нь оновчгүй. Тэр тусмаа намын том лидерүүд гурвуул, дөрвүүлөө бие даах болсны цаана нь учир шалтгаан байж л таарна.

Хамгийн наад зах нь ирэх сонгуульд АН ялагдал хүлээвэл хариуцлагыг Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа биш, С.Эрдэнэ хариуцлагыг хүлээж таарна. Харин намын дарга тэр хэмжээнд хариуцлага үүрч, намаа зохион байгуулж чадсан уу? гэдэг асуулт тавигдана. Хэдий муу, сайнаар хэлүүлдэг ч гэсэн АН-ын даргыг ийм эрт дүнгээ тавиулчихна чинээ хэн бодлоо. 

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.