Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хүүхэд, өсвөрийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцлаа.
-Сүүлийн үед хүүхдүүд сэтгэцийн эмгэгээр өвчлөх нь хэр их байна. Ихэвчлэн ямар төрлийн сэтгэцийн эмгэгт өртөж байна вэ?
-Манай төвийн хүүхэд, өсвөрийн клиник нь 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхэд өсвөрийн клиник нь хэвтэн эмчлүүлэх тасаг болон амбулатори гэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг. Хэвтэн эмчлүүлэх тасаг дотроо 25 ортой үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхдээ 25 ортой ч жилээс жилд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо өсөх хандлагатай болсон. Мөн амбуларотиор үйлчлүүлж байгаа хүүхдийн тоо мөн адил нэмэгдэж байна. 2015, 2016 онуудад харьцангуй цөөхөн хүүхдүүд хэвтэж, амбулаториор үйлчлүүлдэг байсан бол 2017 оноос ихэссэн. 2019 онд 400-450 хүүхэд хэвтэн эмчлүүлж байхад, амбулаториор 3000 орчим хүүхэд үйлчлүүлсэн байна. Манай төв дээр ирж үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх стресстэй холбоотой асуудлаар ирж байна. Хүүхэд өөрөө стресстдэг. Стрессийн хариу урвалууд нь янз бүрийн эмгэгээр илэрч гарч ирдэг. Бага насны хүүхдэд нэг шинж тэмдэг давамгайлсан хариу урвалтай сэтгэцийн эмгэгээр илэрч байна. Тухайлбал, 11 хүртэлх насны хүүхдүүдэд нэг шинж тэмдэг давамгайлсан буюу орондоо шээх эмгэг, булчин татваганах эмгэг, нойрны эмгэг, хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, хар дарах зэрэг шинж тэмдэгтэй эмгэгтэй хүүхдүүд илүү их байна. Энэ нь цаанаа стресстэй, сэтгэл түгшилт үүссэн, адистай байгаагийн шинж тэмдэг юм. Харин 12-18 хүртэлх насны хүүхдүүдэд сэтгэл хөдлөлт, зан үйлийн өөрчлөлт давамгайлсан эмгэгтэй хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь мөн адил стресстэй холбоотой үүсч байгаа эмгэг байдаг. Гэр бүлийн таагүй орчин, эцэг эхийн хараа хяналт сул, гэр бүлд ямар нэгэн хүчирхийлэл байдаг үүнд удаан болон богино хугацаанд хүүхэд өртсөнөөс хамаарч байна. Мөн сургуулийн орчны дарамт болон үе тэнгийнхний дарамтаас болж хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Энэ бүгд гаднаас шалтгаантай байна. Дотоод шалтгаантай буюу солиорох, эмгэгтэй удамших хандлагатай эмгэгтэй хүүхдүүд харьцангуй бага байдаг. Дийлэнх нь гадаад шалтгаантай стресстэй холбоотой эмгэгүүд байдаг. Тэгэхээр өсвөр насныхан илүү өвчлөөд байна гэж хэлж болно.
-Өсвөр насныхан газ, цавуу, мансууруулах бодис хэрэглэх нь их байдаг. Тэгэхээр энэ асуудлаар ирж байгаа хүүхдүүд хэр их байна вэ?
-Өмнө нь энэ асуудал харьцангуй цөөхөн байдаг байсан бол жил ирэх тусам хүүхдүүдийн тоо нэмэгдэх хандлагатай болсон. Хүүхдүүд будаг шингэлэгч, газ зэрэг дэгдэмтгий уусгагч бодисуудыг хэрэглэхээс гадна бусад төрлийн мансууруулах бодисыг хэрэглэсэнтэй холбоотой сэтгэцийн асуудалд орж хэвтэн эмчлүүлж байна. Мөн сэтгэцэд өөрчлөлт орсноос үүдэн хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж, өртөж байгаа асуудлууд их гарч байна. Үүний цаана гэр бүлийн хараа хяналт, орчны нөлөө, хүмүүжил зэрэг нь нөлөөлж байна. Мөн тухайн хүүхдийн бие хүний онцлог зэргээс үүдэн энэ асуудалд өртөж байна.
-Сургууль, цэцэрлэг орохгүй байгаа учир хүүхдүүд гар утас болон зурагт их үзэж байгаа. Энэ нь дэлгэцийн донтолтод хүрэх аюултай. Энэ асуудлаар хүүхдүүд хэр их ирж байна вэ?
-Хөл хориотой холбоотойгоор энэ төрлийн эмгэг ихсэж байгаа. Эцэг эхчүүд донтоогүй ч хүүхэд нь хэтрүүлэн хэрэглээд, өдөр шөнөгүй үзээд байна болиулах гэхээр уурлах, эсэргүүцэх асуудал гарч байна яаж харьцахаа мэдэхгүй байна гэж зөвлөгөө авахаар их ирж байна. Дэлгэцийн донтолтод 10-21 насны хүүхэд, залуус хамгийн ихээр өртөж байна.
-Утас болон зурагт их үзэхийг нь эцэг эхчүүд болиулж чаддаггүй. Энэ үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах хэрэгтэй вэ?
-Хүүхдээ анхнаас нь дэлгэцийн хэрэглээнд зөв сургаагүй, зөв үлгэр дуурайлал үзүүлээгүйтэй шууд холбоотой. Эцэг эх өөрсдөө хэрэгтэй үедээ зурагтаа үздэг, шаардлагатай үедээ утсаа хардаг, хүүхдэдээ хэрэглүүлэхдээ цагийн хязгаар зааж өгөөд хэрэглүүлээд зөв дадал суулгах хэрэгтэй. Ингэснээрээ тэр зүйлийг хориглоход хүүхэд эсэргүүцэхгүй, сэтгэл санааны хувьд хямрал үүсдэггүй. Тэр хэрэглээнд дадуулаагүй учраас хүүхэд одоогийн сэтгэлзүйн асуудал үүсч донтож байна. Тэгэхээр энэ нь шууд эцэг эхтэй холбоотой. Эцэг эх хүүхдээ анхаарч хянаагүй, зөв дадал суулгаагүй донтсон хойно нь анхаарал хандуулж ирдэг нь буруу. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх болон гэр бүлийн бүх гишүүд гар утас болон зурагтын хэрэгцээгээ хязгаарлах, дүрэмтэй болох, дүрмээ өөрсдөө хариуцлагаа биелүүлж сурах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд таныг дуурайх хэрэгцээгээ багасгана. Хүүхдийн даган дуурайх хэв шинж нь ээж аав юу хийж байна түүнийг хүүхэд яг л хийнэ. Ийм учир ээж аавууд өөрсдөө үлгэрлэл үзүүлж байж хүүхдээ зөв хэвшилд сургах ёстой. Утас, зурагт үзэж болохгүй гэж хэлчихээд өөрсдөө хэрэглээд байж болохгүй. Үг үйлдлээ зэрэг мөрдөх хэрэгтэй.
-Эцэг эхчүүдэд хандан хэлэхэд хүүхдээ сэтгэцийн эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүүхдүүд ихэвчлэн стресстэй холбоотой гадаад шалтгаантайгаар сэтгэцийн эмгэгт ордог. Иймд гэр бүлийн орчинд эцэг эхчүүд маш сайн анхаарах хэрэгтэй. Анхаарах гэдэг нь материаллаг зүйлээр хангаад орхино гэсэн үг биш, хамгийн гол нь сэтгэлзүйн хэрэгцээг нь хангах нь чухал. Хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд дотно харилцаатай байдаг, хэлсэн үгийг нь маш сайн анхаарч сонсдог байх хэрэгтэй. Мөн стресс бухимдлыг нь тайлахад нь дэмжлэг үзүүлдэг, хүүхдээ ойлгодог байсан бол өсвөр насан дээрээ ирээд тэр хүүхэд ямар нэгэн сэтгэцийн дутагдалд өртөөгүй, хэрэгцээний дутагдлаас болон өөр өөртөө итгэлгүй болох гэсэн асуудал үүсдэггүй. Иймд сэтгэцийн эмгэгт өртөх байдал үүсгэхгүй байх нь хамгийн чухал юм. Хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээг хангачих юм бол хүүхэд сэтгэлзүй нь хангагдаагүй хэрэгцээгээ ямар нэгэн хорт зуршлаар хангахгүйгээр өөрөө өөрийгөө нийгэмдээ зөв аваад явах боломж бүрдэж эхэлдэг. Мөн аливаа зүйлд дасан зохицдог, асуудал тулгарахад богино хугацаанд даван туулах чадвартай бие хүн болж төлөвших чадвар нь төрсөн цагаасаа эхлэн төлөвшин бий болох ёстой байдаг. Иймд учир эцэг эхчүүд энэ хэрэгцээг нь хангах хэрэгтэй. Ингэснээрээ таны хүүхэд гадаад шалтгаантай сэтгэцийн эмгэгт өртөхгүй.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: Itoim.mn
Сэтгэгдэл