Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ


Коронавирусийн цар тахлын шинэ төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагас буюу Умард, Өмнөд Америк тивүүдэд шилжиж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анхааруулжээ. “Яг одоо энэ тивийн орнуудад хорио цээрийн дэглэмээ сулруулах цаг биш. Манай бүс нутаг Covid-19 тахлын дэлхийн төв болоод байна” гэж ДЭМБ-ын Америк тивийн салбарын захирал, Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Карисса Этьен өчигдөр болсон видео хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хоёр Америк тивд өнөөдрийн байдлаар 2.4 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 143,000 гаруй хүн нас бараад байгаа ажээ. Латин Америкийн орнууд нэг өдөрт илэрдэг халдварын тохиолдлын тоогоор Европ, АНУ-ыг гүйцсэнийг Этьен анхааруулсан байна. Даваа гарагт Бразил улсын нэг өдөрт бүртгэгддэг нас баралтын тоо АНУ-ынхыг гүйцэж, дэлхийд хамгийн өндөрт тооцогдох болсон юм. Наймдугаар сарын эхээр энэ улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тоо одоогийнхоос тав дахин нэмэгдэж, 125,000 хүрнэ гэсэн тооцоог Вашингтоны их сургуулиас гаргажээ.

Перу, Чили, Эль Сальвадор, Гватемал, Никарагуа улсуудад ч коронавирусийн тархалт эрчимжих хандлагатай байна. Наймдугаар сард Перу улсад нас баралтын тоо 20,000 хүрч, эрчимт эмчилгээний орны багтаамж хүрэлцэхгүй болохыг дээрх судалгаагаар бас тогтоожээ. Тухайн сард нас баралтын тоо Чилид 12,000, Мексикт 7,000, Эквадорт 6,000, Аргентинд 5,500, Колумбид 4,500 хүрэх тооцоо гарсан байна. Харин ганцхан Куба улсад коронавирусийн тархалт харьцангуй бага байж, наймдугаар сард нас барсан хүний тоо нь 82 хүрэх тооцоог Вашингтоны их сургуулийн судлаачид гаргажээ. 

Р.Төмөр

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.