Улс нь өрөндөө баригдаж, нэг иргэнд 28.3 сая төгрөгийн өр ногдож байхад Шинэ нам Монголын өрх бүрийг тэрбумтан болгох тухай ярьж, солиоруулав. Тэнэгийн дотор уужим гэж энэ болов уу. Сонгуульд ялах нь чухал болохоос биш сонгуулийн дараа улсаараа хэрхэн амьдралаа залгуулж, тэр их гадаад өр төлбөрөө ямар эх үүсвэрээр барагдуулж, амь зуух вэ гэдэг Шинэ намын хувьд зуу дахь асуудал болж хувирч байна.
Өмнө нь Монгол хүн бүр баялгийнхаа эзэн болох тухай үлгэрийг УИХ-ын гишүүн Л.Болд ярьж, хуулийн төсөл өргөн мэдүүлдэг байсан бол энэ удаад Ж.Батзандан гишүүнээр солигдов. Шинэ намын даргын тайлбарласнаар төсөлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монголын нийт ард түмэнд 100 хувь өмчлүүлэхээр заажээ. Нэг хүнд 4600 ширхэг хувьцаа буюу 266 сая төгрөгтэй тэнцэх өмчлөх эрхийн хувьцаа оногдоно. Энэ нь дөрвөн хүн амтай өрхөд ойролцоогоор нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа ногдож, өрх бүр тэрбумтан болох юм байх. Сэрэхгүй бол сайхан л зүүд.
Уг нь Монгол хүн бүр баялгийнхаа эзэн нь байх боломжийг олгохын тулд С.Батболдын Засгийн газрын үеэс л ажиллаж ирсэн. Арав гаруй жил ноцолдсон ч иргэд “Эрдэнэс тавантолгой” компанид бүртгэлтэй хувьцаанаасаа ногдол ашиг ч хүртэж чадаагүй л байна. Хамгийн сүүлд буюу У.Хүрэлсүхийн танхим иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох тухай ярьсан ч одоог болтол дансанд нь шилжиж ороогүй. Нийт 2.5 сая хүнд 90 мянгаас 40 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахад 100 гаруй тэрбум төгрөг шаардана. Энэхүү 100 мянган төгрөг хүрэхгүй ногдол ашгийг төр олгож чадахгүй байхад Ж.Батзандан гишүүний яриад буй нэг иргэнд 266 сая төгрөгтэй тэнцэх хувьцаа олгох асуудал бол үнэндээ үлгэр юм.
Covid-19 цар тахлын улмаас эдийн засагт улаан гэрэл асч, экспортын орлого эрс буурсан. Хувийн хэвшлүүд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо 30 мянган хүнээр нэмэгдсэн тул Засгийн газар эдийн засагчдын зөвлөгөөг даган, татварын хөнгөлөлтүүдийг аж ахуйн нэгжүүдэд эдлүүлсэн. Түүнийгээ дагаад татварын орлого эрс буураад байна.
Одоогоор цар тахал дотоодод тархаагүй нь сайн мэдээ боловч алдсан тохиолдолд түүнээс ч илүү өртөг төлнө. Иймээс эдийн засаг одоогийнхоос хүндэрнэ гэдгийг хүн бүр дотроо санах учиртай. УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд, бие даагчид ч сонгуулийн дараа амьдрал үргэлжлэх ёстойг бодолцох ёстой. Сонгуульд ялах нь чухал болохоос юу амлаж, юу санаачлах нь хамаагүй гэдэг өмнөх жишгээр хандвал улсаа л хүнд байдалд оруулна.
Сонгогчид ч нэр дэвшигчдийн юу ярьж, юу амлаж, юу хэрэгжих боломжтой вэ гэдгийг цэгнэж, сонголт хийхдээ цензурдах шаардлага байна. Хэрэв худал амлалтад хууртвал үр хүүхдийнхээ амьдрах ирээдүйг улам харанхуй болгоно. УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн бас нэг гажиг нь одоог болтол сонгогчид аль нам, эвсэл, бие даагчид амьдралд хэрэгжих боломжтой, улсаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулж, Үндэсний аудитын газраар үнэлүүлсэн бэ гэдгийг мэдэхгүй сууна.
Сонгогчдын сонголтоо хийхэд нөлөөлдөг гол шалгуур нь мөрийн хөтөлбөр. 20 гаруйхан хоногийн дараа сонгогчид саналаа өгөх ёстой болж байхад нэг ч нам, эвслийн мөрийн хөтөлбөр өнөөдөр олон нийтэд ил болоогүй, танилцуулагдаагүй байгаа нь мэдээлэлгүйгээр сонгох сонголт руу хөтөлж буй юм. Өөрөөр хэлбэл, хэн худал амлалт өгнө, түүнд сонгогчид хууртаж, будилан сонголт хийхэд хүрч байна гэж хэлж болно. Иймээс хуулиар боомилсон эл гажгийг давах боломж нь эцсийн дүндээ сонгогчид зөв хүмүүсийг сонгох. Ядаж л авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдож байсан уу, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь зээл авсан уу, ах дүү амраг саднаа төрийн албанд шахсан уу, УИХ-д ажиллахдаа ямар төсөл санаачилж, батлуулав.
Цагаан захтнуудыг хэргээс мулталсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт дээр ямар байр суурь баримталж байв гээд наад захын шалгуураар хөөхөд л хэн нь хэн бэ гэдэг илүүтэй тодорно. Олон нийтийн өмнө гарахаараа нэг их сүржин, эх оронч дүр эсгэх атлаа цаагуураа улсаа алдаг улстөрчид энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнийг бүү март. Хэрэв тэднийг дахиад УИХ-д сонговол өнөөх л эрх мэдэлтнүүд нь хуулийн дээр, ард түмэн нь хуулийн доор амьдардаг хоёр туйл хэвээр л үлдэнэ гэсэн үг.
Г.Хорол
Эх сурвалж: News.mn
Сэтгэгдэл