Сүргийн толгойлогч сахал Эрдэнэбилэгээс асуух асуулт байна аа. Төр улсыг минь бүлэглэлд хувааж, түмэн олныг минь сүрэглэлд түлхсэн та минь ойрдоо хөдөө явсан уу, олныхоо аж амьдралыг харав уу? Хотын захаар оров уу, хогийнхны сүрэгтэй танилцав уу? Хоригдсон гэсэн яалаа, ходоод мэнд гарав уу? Хөл чинь Элбэгдоржид, гар чинь М. Энхболдод, элэг зүрх чинь Баттулгад, бөөр чинь бөөрөнхий Дорлигжавт, нойр булчирхай чинь номын анд Сайханбилэгт, судас шөрмөс чинь сунгаа сайтай З.Энхболдод, давсаг дэлүү чинь дагаж шогшдог Д.Эрдэнэбатад, хумс хуруу чинь Хурц, Бадамжунай нарт байгаа хэвээрээ юү?
Бүлэглэлийнхэн бас цус сэлбэж, цуг ноёлохын тулд залуу үеийнхнээр эгнээ сэлбэж, замаа засдаг хуультай юм уу? Бүлэглэлд хамаарч, бүтэн улс руугаа шүлсээ залгин дайрч, бүрэн ардаа сүргийн захад цөлж, жирэмсэн эхчүүдийг бүлхээр хооллож, жижиг хүүхдүүдийг шүлсээр ундаалдаг таны бүлэглэл саарал ордны сарын мөчлөг Наранхүү, захиалга дамжуулж замыг чинь цэвэрлэдэг Баасанхүү, урдаа барьж хүн уруулдаг Магнай нараас гадна олон сайхан залууг эгнээндээ элсүүлж, энгэр хормойд нь мөнгө хийж, эрүү аманд нь дохиолол зүүгээд энэ сонгуульд ялахаар элийртлээ зүтгэж, дэмийртлээ хөрөнгө цацаад хэцүүхэн байна уу, хэзээ энэ бүхэн дуусах вэ?
Яалаа нөгөө хувьчлаад авсан Хөтөлийн цемэнт шохойн үйлдвэр, хулгайлаад амжсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр, хумслаад олзолсон Багануурын цахилгаан станц...хаяа сунгаж хатавч тэлэхдээ хийсэн Дубайн гэрээ, халаас зузаалж, хамсаа болгохдоо авсан Эрдэнэтийн 49 хувь... Юу гээч? Бүлэглэл чинь энэ улсыг удирдаад удлаа, ухаж тоноод хага баяжлаа. Одоо эгэл ардын ядуурал, эмс охидын биеэ үнэлэлт, өвгөд хөгшдийн үгүйрэл, өнгөтэй залуусын үнэгүйдлийг яах тухай бодов уу, ямар аргаар Монгол Улс энэ гацаанаас гарах вэ?
Хоёулаа хамт Алтайн нуруунд алт ухаад тэнэж яваа сүргийн захынхантай очиж уулзах уу? Хотын захад хог ухаад хоног төөрүүлж байгаа ядуусын сүрэгтэй яг одоо нүүр тулах уу? Та минь тийм л хүчтэй юм бол үйлдвэр байгуулаад, үгүйрэл хоосролд автсан ард түмнээ ажилтай, орлоготой болгохын оронд яагаад бэлэн үйлдвэрийг бэлдэж аваад, төрийн сэнтийнүүдийг түрийндээ багтаагаад байдаг юм бэ?
Бүлэглэл чинь хүчтэй, мөнгөтэй, давхаргатай, дарга даамлуудаар дамжсан даллагатай байгааг харлаа. Нөгөө талд нь өнөө муу Хүрэлсүх хэдэн залуусаа бүлэглэлд алдчих гээд, хэлхсэн бодлогоо бүлэглэлд цөлмүүлчих гээд, эхлүүлсэн ажлаа бүлэглэлд хөмрүүлчих гээд, эвлүүлсэн улсаа бүлэглэлд тарамдуулчих гээд...та хоёрын хэн чинь үйлдвэр цөлмөж, хэн чинь үйлдвэр босгож байгааг одоо бид харж л сууна, овооны чулуугаа засчихмаар л байна. Ингэхэд байна аа, энэ улсын өмчийг хувьчилж өвөрлөөд, өндөр сэнтийг хувьдаа үйлчлүүлээд, хууль гэдгийг худалдаж аваад, Ардчилсан хувьсгалыг хүртэл намтай, настай нь халаасалж чөдөрлөөд, мөнгө гэдгийг захираад, өнгө гэдгийг ноёлдог болсон юм чинь одоо та ард түмэндээ хандаад арай л том хөдлөөд, сүргийн захад хаясан ядуусаа энэрвэл яасан юм бэ, эсвэл эхнээс нь ингээд ядуугийн туйл, ялтны буйл болгон хороож цэвэрлэх гэж байгаа юм уу? Сүрэг толгойлдог хуцна ухна хүртэл туйлдаад унасныгаа тулж босгоод бэлчээрээс ирдэг л юм даа.
Аваад үхэхгүй хөрөнгө, авдарлаад хоригдохгүй бүлэглэлийг чинь таны анд нар эхнээсээ булаацалдаад, эв эвдрээд, толгойлогчийн суудлын төлөө тойгийг чинь сөхрүүлж, толгойг чинь цөхрүүлэх гээд байгааг мэдэж байна уу, мэнд явна уу, ингэхэд. Аав шиг чинь хүн хог түүгээд, ээж шиг чинь хүн гудамжинд согтуу хэвтэж байна. Ач зээ шиг чинь хүүхдүүд ядуурлын золиос болж амиа алдаж байна. Ажлын байргүй залуус архи, алт хоёр бараадан, ууланд нүх малтаад, өдөр өнгөрөөж, шөнийг элээн сүрэглэж явна.
Бүлэглэл чинь сүрэглэлд шилжиж, бүтэн улс минь бутарч, бүрэн түмэн минь туйлдаж, бүхэл заяа минь хазайчихаад байна. Таны бүлэглэлд багтаагүй хүн хүн биш, хамаараагүй төрийн ажилтан хэн ч биш, баяжих замд чинь садаа болсон Хүрэлсүх сүх биш, тэрбумтны амьдралд чинь тээг болсон Монгол Улс улс биш боллоо. Бусад орны мафийн бүлэглэлүүд цаана чинь вирусын эсрэг хөрөнгө мөнгө зараад, хөөрхий ядуусаа өргөөд эхэлсэн байна билээ шүү.
Та минь харин бүлэглэлээ сүрэглэл болтлоо тэлснийг ч мэдэхгүй, улсаа улдуулж, төрөө төнхөөд л сууна уу? Бүлэглэл чинь сүрэглэл болон тэлж, улсын заяа, түмний хувь тавиланд нөлөөлөх болсныг гараад хар, хараад ухаар. Удахгүй болох сонгуульд санал өгөх сүрэглэлийн чинь гишүүд бүлэглэлийг чинь тордох ёстой гэсэн үү? Таны бүлэглэлийн гишүүд танигдахаа байж, АН-д арай л олноороо шургаж, шинэ эвсэл, намуудад шингэж хувирсан байна билээ. Сүргээ ч танихгүй, толгойлогчоо Жэнхо захирал, Сахал жолооч хоёрын аль нь болсныг мэдэхгүй, сүүлдэж яваа би бэлчээрээсээ бичив.
Нийтлэлч: Р.Эмүжин
Сэтгэгдэл