HBO компани HBO Max стриминг үйлчилгээнийхээ кино сангаас “Gone with the Wind” бүтээлийг буулгаж байгаагаа Мягмар гарагт зарлажээ. Америк даяар арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл өрнөж буй энэ үед уг бүтээлийг үзэгчдэд санал болгох нь зохимжгүй гэж үзээд компанийн удирдлага ийм шийдвэр гаргасан байна.
1939 онд бүтээгдсэн Америкийн иргэний дайны сэдэвтэй “Gone with the Wind” кино Оскарын хэд хэдэн шагналтай, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой бүтээлд тооцогддог. Гэвч уг бүтээлд амьдралдаа сэтгэл хангалуун боолууд, баатарлаг боолын эздийг дүрсэлдэг нь орчин үеийн үзэгчдэд таалагдахгүй гэж HBO үзсэн байна.
Киноны түүхэн агуулгын талаар дотооддоо хэлэлцсэний дараа хэзээ видео санд буцааж оруулахаа компанийн удирдлага шийдэх гэнэ. Харин киноны хэсгээс хасаж, танах төлөвлөгөө байхгүйгээ мэдэгджээ. Тавдугаар сарын 25-ны өдөр гар хоосон африк гаралтай иргэн Жорж Флоид цагдаагийн гарт амиа алдсан явдал Америк даяар арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл эхлүүлээд байна.
Өчигдөр бас Paramount Network компани олон жил үргэлжилсэн “Cops” реалити цувралаа зогсоож байгааг зарлажээ. 30 жил үргэлжилж буй уг бүтээлд америк цагдаагийн өдөр тутмын ажлыг бодитоор харуулдаг юм. Гэвч цагдаагийн ажил үүргийг хэт дөвийлгөн харуулж, арьс өнгөний үзлийг бодит амьдралаас гуйвуулсан гэсэн үндэслэлээр бүтээлийн ажлыг зогсоосон байна. Цувралыг цааш үргэлжлүүлэх төлөвлөгөө одоогоор байхгүй байгаагаа Paramount Network компанийн төлөөлөгч хэвлэлд мэдээлжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл