Туркийн өрөмдлөгийн хөлөг онгоц Хар тэнгисийн ёроолоос байгалийн хийн томоохон нөөц илрүүлснийг тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр зарлажээ.
Долдугаар сараас хойш тухайн бүсэд хайгуул хийж байсан Фатих хөлөг 320 тэрбум шоо метр хэмжээтэй нөөц илрүүлсэн гэнэ.
Энэ нь Турк улсын түүхэндээ илрүүлсэн хамгийн том байгалийн хийн нөөц болохыг Эрдоган онцолсон байна.
Хэрвээ энэ нөөцийг олборлон ашиглаж эхэлбэл Турк улс импортын эрчим хүчнээс хамаарах хамаарлаа багасгах гэнэ.
“Энэ бол илүү том нөөцийн зөвхөн нэг хэсэг нь юм. Бурхны авралаар цаашдаа хэмжээ нь нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Бид эрчим хүчний экспортлогч орон болох хүртлээ зогсолтгүй ажиллах болно” гэж Эрдоган мэдэгджээ.
Түүний тооцоолж байгаагаар 2023 он гэхэд Турк улс энэхүү нөөцөө олборлож эхлэх гэнэ.
Гэхдээ мэргэжилтнүүд үүнд арав хүртэл жилийн хугацаа, олон тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзэж байна.
Турк улс бас Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт хайгуулын хөлөг онгоц илгээгээд байгаа юм. Энэхүү хөлөг нь наймдугаар сарын 11-ний өдөр Крит болон Кипр арлуудын дундах усанд хүрсэн байна.
Газрын дундад тэнгисийн нөөцийг хэн эзэмших талаар Турк улстай маргаантай байдаг Грек улс энэ ажиллагааг эсэргүүцэж байв.
Харин өчигдөр хэлэхдээ Эрдоган энэ бүс нутаг дахь хайгуулын ажлыг эрчимжүүлэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Р.ТӨМӨР, IKON.MN
Сэтгэгдэл