Түүний мэндчилгээг, түмэнд хүргэсэн тайлбарыг хэвлэлүүд шил даран бичиж шүүмжиллээ. Хариуцлага ч нэхлээ. Ингэхдээ төрийн тамгыг хэрхэн, ямар тохиолдолд яаж ашиглах тухай хууль, тогтоолын заалттай нь хүртэл хүргэж, сануулж бичсэн. Жишээ нь, fact.mn сайт "...шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан П.Жасрайгийн зээ охин А.Ариунзаяа цахим орчны ээлжит шуугианы эзэн болов. ...Төрийн тамга бол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээр зэрэг төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан хууль цаазын дээд хүчин төгөлдөр актыг батламжлахад хэрэглэдэг тэмдэг юм” гэсэн бол eagle.mn сайтад "...олон нийт өмнө нь төрийн тамга дарсан төрсөн өдрийн мэндчилгээ харж байгаагүй” гээд Засгийн газрын 2001 онд баталсан тогтоолыг маш тодорхой дурьджээ. Мөн 24tsag.mn сайт төрийн тамга ингэтлээ үнэгүйдлээ гэдэг талаас нь хөндсөн бөгөөд "Шинэхэн сайд хийсэн нэг үйлдлээрээ итгэл үзүүлсэн даргынхаа нэрийг шороотой хутгаж орхих нь тэр. Мэдээж хүлээх үүрэг, хариуцлага, эрх ямбыг нь зааж өгөөгүй даргаынх нь буруу. ...энэ асуудлыг дарга нь анхаарч үзээсэй” гээд цааш бичихдээ техник технологи хөгжсөн өнөө үед төрсөн өдрийн мэндийг яаж л бол яаж хүргэж болно гэдгийг сануулсан байгаа юм.
Ийнхүү өчигдөр хэвлэлүүдээр, цахим орчинд ч энэ тухай өөд уруугүй ярьж хэлэлцсэн ч өнөөдрөөс ингээд мартаж болохгүй. Төрийн тамгыг хэрхэн ашиглах хууль тогтоолыг санууллаа. Түмэн олон ч хүлцэн тэвчихгүйгээ илэрхийллээ. Гагцхүү "томчууд” л ганц үг ган хийсэнгүй. МАН-ын генсекийн хүн гэвэл магад хэнд ч хар төрнө.
Архив ухаж учир явдлыг сөхвөөс, Ерөнхий сайд П.Жасрай агсаны хүү Ж.Жанцан Мэдээлэл харилцаа холбооны дарга байхдаа Д.Амарбаясгаланг хэлтсийн даргаар татаж авсан аж. Харин Д.Амарбаясгалангийн зүгээс аяганы ч, агтны ч хариугаа барьж Ж.Жанцангийн хүү Ж.Хичээнгүйг ТОСК-ын захирлаар, П.Жасрай гуайн зээ А.Ариунзаяаг Статистикийн хорооны даргаар тавьсан гэнэ билээ. Хариу, бариу үүгээр дууссангүй. Д.Амарбаясгалан "ЖДҮ-чин” гуншинтайгаа 2020 оны УИХ-ын сонгуульд хүрд эргүүлэх боломж олдохгүйгээ мэдээд нэр дэвшээгүй. Үүнийхээ шагналд А.Ариунзаяадаа харин ахисан түвшний албан тушаал авч өгсөн гэдэг.
Шагналаар ирсэн суудлаас "төрсөн өдрийн төрийн тамгатай мэндчилгээ” гэдэг шагналыг төрүүлэн анхдагч болсон А.Ариунзаяа сайдыг дахин шагнах нь уу, "далд оруулах” нь уу гэдгийг одоо бүгд харах л үлдлээ. Орхиж марталгүй сануулах ч хэрэгтэй.
Төр засгаас гаргасан тушаал, шийдвэрийг албажуулж дардаг төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээнд дардаг чимэглэл болгож "доромжилсон” ухамсаргүй сайдыг хамгаалах урагшгүй ноёд байвал үтэр түргэн хамтад нь унагавал зохино.
Сайд нэр зүүгээд бүтэн улирлын нүүр ч үзээгүй байхдаа айхтар том алдаа хийж, ар дээр нь буруудаа гэмшдэггүй, бусдаас ичдэггүй байх нь хэвийн үзэгдэл гэж үү? Ийм сайдаар тийм том салбараа удирдуулах бүдүүн зүрх, бүрхэг ухаан нийтийн дундаас нэг ч олдохгүй л болов уу.
Сэтгэгдэл