Б.Ууганбаяр: Монголын ард түмэн нэг гэр бүл. Бид бэрхшээл тохиолдвол хамтдаа нуруун дээрээ үүрнэ


Б.Ууганбаяр: Монголын ард түмэн нэг гэр бүл. Бид бэрхшээл тохиолдвол хамтдаа нуруун дээрээ үүрнэ

 

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар 44 байранд 1981 иргэн ажиглалтад байна. УБ хотын 26 байранд  1520 хүн байгаа. Орон нутагт 13 тусгаарлан ажиглах байранд 461 хүн ажиглалтад байна.  
ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах хэрэгтэй гэсэн зөвлөмжийн дагуу УОК ажиллагаа зохион байгуулж 85 иргэнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

 Энэ мөчид 11 сарын 13-наас хойш 664 хавьтлыг бид  тусгаарлан ажиглаж байна. УБ-т 529 , орон нутагт 135 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Тусгаарлан ажиглах байруудад онцгойгийн 61 алба хаагч, цагдаагийн байгууллагын 187 албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан, нийлбэр дүнгээр 344 төрийн албан хаагч ажиллаж байна.

Гэрийн ажиглалтад 89 иргэн шилжсэн. 

Өнөөдөр 167 иргэн ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнг үндэслээд гэрийн ажиглалтад шилжинэ. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн хугацаанд дэглэмээ хатуу сахихыг анхааруулсан. 

Өчигдөр Цэргийн төв эмнэлэгт олон нийтийн сүлжээнд бяцхан хүүхэд өлсөж байгаа тухай бичлэг тавигдсан. Цэргийн төв эмнэлэгт хүүхдэд зориулсан тусгай хоолоор үйлчилж байна. Хүүхдийн хоолны амт чанарт МХГ-аас шалгалт хийх хүсэлт тавьсан. 

Коронавирустэй тэмцэх ажлыг ЗГ, УОК, ЭМЯ, орон нутгийн онцгой комиссууд шат дараатай зохион байгуулаад ажиллаж байна. Өнөөдөр бид хэн нэг албан тушаалтан, байгууллагыг шүүмжлэхээсээ өмнө энэ өвчлөлийн тархалтыг таслан  зогсоох, хор хохирол багатай даван туулахаар ажиллаж байна. Өнөөдөр Монголын ард түмэн эв нэгдэлтэй байх шаардлагатай. Бид энэ өвчнийг эв нэгдэлтэй байж байж л даван туулна. 

Монголын ард түмэн нэг гэр бүл. Бид хүндрэл бэрхшээл тохиолдвол хамтдаа нуруун дээрээ үүрнэ. Хэрвээ бидэнд ололт амжилт гарвал хамтдаа түүнийг хүртэнэ. Түүнээс хэн нэгэн хүн энэ хүндрэл бэрхшээлээс тойрч, гадуур байна гэдэг зүйл байхгүй гэдгийг хатуу анхааруулж хэлье. Олон нийтийн дунд буруу зөрүү мэдээлэл түгээж байдгаа таслан зогсоогоорой. Хатуу анхааруулж хэлье. Цаашдаа ийм зүйл давтагдах юм бол хууль хяналтын байгууллагууд холбогдох хууль эрх зүйн хүрээнд хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгийг анхааруулъя. Одоо бидэнд эв нэгдэл, хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг ягштал дагах үүрэгтэйг Монголын бүх ард түмэнд хэлье. Бид нэг гэр бүл." гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.