Цогсошиал: Эр бяраа харуулдаг Дамдиннямтангууд олон байна


"НЭГ ҮХРИЙН ЭВЭР ДОРГИВОЛ, МЯНГАН ҮХРИЙН ЭВЭР ДОРГИНО”...
Ёс зүйгүй хүнийг сонгож алдсан бол дахин бүү сонго! Өнөөдөр Дамдинням илэрч байна. Ийм байдлаар жирийн цагдаа, иргэддээ эр бяраа харуулдаг Дамдиннямтангууд олон байна.
Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн бие авч яваа байдал, асуудалд хандаж байгаа явдал олны анхаарлыг татах боллоо. Уг нь тэд олон түмний зүрх сэтгэлийг эзэмдэн сонгогдсон, иргэдийн итгэлийг дааж, шударга ёс, эрхэм ёс зүйгээрээ шалгарсан хүмүүс гэж ард түмэн ойлгодог, ойлгосоор байгаа.
Анх сонгогдсон ч бай, урьд нь 2, 3, 4, 5 удаа сонгогдсон ч бай "монголын сайн иргэн” гэж Монголын ард түмний дунд үнэлэгдсэн хүмүүс гэж бид боддог.
Гэтэл тэд маань олны итгэлийг алдах боллоо. Энд нэг л зүйл анзаарагдаж байна. "Ёс зүй” үгүйлэгдэж байна. Үндсэн хуульдаа "ёс зүй” гэдэг ухагдахууныг оруулж ирэхийг амьдрал биднээс шаардаж байна. Тухайлбал:
Нэг. Шинэ гишүүд: Шинэ гишүүдийн биеэ авч яваа, асуудалд хандаж байгаараа тэд ялгарч байна. Монголын ард түмэн тэднийг төрийн ажлыг хийж чадах чадвартай бэлэн "бүтээгдэхүүн” гэж ойлгодог.
1. Гэтэл тэд төрийн албаны наад захын ойлголтгүй юм шиг алдаанууд гаргаж байна.
2. Шинэ гишүүд "Би УИХ-ын гишүүн”, хэн ч надтай долигонож харьцаж хандах ёстой гэсэн бичигдээгүй хуулиар "цээж баян”-ы дүрээр үйлдэл, эс үйлдэл гаргаж байна. Өнөөдөр бид Дамбийнямын үйлдлээр бусдыг нь ойлгож эхэллээ.
3. Энд, тэнд явахдаа намайг УИХ-ын гишүүн гээд таних, мэдэх ёстой гэж галзуу, солиотой хүн шиг болсон нь УИХ-ын гишүүн Дамбийнямаар сүүлийн үеийн сошиалын мэдээллээр харж болно. Өнөөдөр УИХ-ын гишүүн Дамбийням гэж онцлоод ойлгоод байгаа боловч цаана нь олон Дамбийням байна.
Хоёр. Хуучин гишүүд: Хуучин гишүүд нь төрийн албыг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг, ямар яаж үгээ хэлэх вэ гэдгээ мэддэг доль цохисон нөхөд болж. Тэдэнд сайн тал бий, муу ч тал байна.
1. Хуучин гишүүд хийж байгаа үйлдлээрээ том ялгардаг. Тэд хуульд яаж өөрчлөлт оруулахаа мэднэ.
2. Хуучин гишүүдийг хатуухан хэлэхэд "Хэн намайг хэлэх вэ, нохойг хэн саах вэ дээ” гэх зарчмаар төрийн ажлаа залгуулж байна.
ДҮГНЭЛТ
1. Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 20 дугаар зүйлд: "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн...” гэж хуульчилсан нь нэгдүгээрт, монголын парламентыг хэмжээлшгүй эрх мэдэлтэй болгосон, хоёрдугаарт, түүгээр дөрөөлж УИХ-ын гишүүд юу ч хийж болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. гуравдугаарт, Сургамж талаас авч үзвэл, 1924 оны Анхдугаар Үндсэн хуульд "...жинхэнэ ард, жинхэнэ бус ард ...” гэж ард түмнийхээ гэрээнд тунхагласнаар ард иргэдээ ангиар ялгаварлан гадуурхан доромжилж, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАСАЖ, улмаар "геноцит” буюу цус аллага, залхаан цээрлүүлэлт үйлдсэн гашуун сургамж бидэнд бий.
Тодруулбал: Улсын Их Хурал хэмжээлшгүй эрх мэдэлтэй болж, эрх зүйн зохицуулалттай болсноор дараах муу талын нөхцөл /олон сайн тал байгааг үгүйсгээгүй/ байдал үүсжээ. Үүнд:
1. Үндсэн ба органик хуульд гаднын болон дотоодын олигархи, эдийн засгийн бүлэглэл, овтшааруудын захиалгаар хуульд өөрчлөлт оруулах,
2. Төрийн албанд цүнх баригчдыг олноор нутагшуулдаг болон Төрийн өмчит компаниудад концесс, тендерийн хуулиар төрийн наймаа, төсвийн хулгай хийх нөхцөл байдал үүсэж, цаашид зохион байгуулалттай болж, УИХ-ын гишүүдэд Улсын төсвөөс 500 мянган төгрөгөөс эхлээд 4 тэрбум төгрөг хүртэл хөрөнгө, мөнгийг үе шаттай нэмэгдүүлж, хуваарилах нь зохион байгуулалттай санхүүгийн гэмт хэргийн шинжтэй болсон,
3. Аймаг, сумын ИТХ-ын түвшинд төсвийн хулгай гаарсан,
4. Монголын нийгмийн бүх салбарт хулгай нүүрлэсэн, Төрөөс яаж мөнгө саах менежмент байна түүнийг гарамгай хэрэгжүүлж гаршсан, /төсөл, хөтөлбөр гэх зэргээр/
5. Үндсэн хуульд "Ёс зүйн” ухагдахуун оруулж ирэх цаг хугацааны үндсэн шаардлага тулгарч байна.
2. Мөн ёс зүйгүй зарим УИХ-ын гишүүдийн "Би” гэсэн хувиа хичээх хүний хамгийн муу чанарыг хөдөлгөж, улмаар "өөрийгөө төр” гээд ойлгоход хүрч байна.
3. Тэгэхлээр энд зөвхөн хүнээ зөв сонгохыг ард иргэдээс шаардаж байна гэсэн үг.
Одоо яах вэ? Юу хийх вэ? Хэзээ хийх вэ?
Нэг жирийн ойлголт, гарц байна. Маш энгийн. Ямар нэг онол яриад байх шаардлагагүй.
Монголын нийгэмд шударга ёс тогтооё гэж бодож байгаа бол:
1. Аль ч сонгууль ард иргэд идэвхтэй оролцож сурах,
2. Нэг хүнийг тахин шүтдэг, нэг хүнийг байнга сонгодог хуучин тогтолцоог бид мэднэ. Мөн тэрхүү сэтгэлгээнээсээ монголчууд бид одоо болтол гараагүй байна. Үүнийг зоригтой өөрчилье,
3. Яагаад аливаа сонгуулийг 4 жилээр явуулж, 4 жилээр хүмүүсийг сонгодог юм бэ? Шинжлэх ухааны үндэслэлтэй. Хүн 4 жил юу хийж чаддагаа харуулах боломжтой. Аливаа төрийн ажлыг чадахгүй бол хэзээ ч бүү сонго! гэсэн бичигдээгүй хууль бидэнд үйлчлэх ёстой. Гэтэл зарим хүмүүс хүний эрх ярьж эхлэх байх. Нэг хүнийг дандаа сонго гэсэн хүний эрхийн асуудал байхгүй бол уу,
4. Нөгөө бидний бахархаад байгаа 2, 3, 4, 5 удаа сонгогдсон УИХ-ын гишүүд гэдэг чинь шударга ёсыг тогтоох биш, улам булшилж байгааг анзаарах ёстой бол уу... Эдгээр хүмүүсийн ихэнх нь ямар нэг алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон дүр зураг бидний 30 жилийн түүхэнд харагдаж байна.
5. Нэг жишээ дурдъя. Тухайлбал, нэг хүнийг нэг л удаа сайд болгоё. Дахин болгохоор бүх боломжоо эдлэх гээд төрийн наймаа хулгайд өртөөд байдаг болсон нь нууц биш. Тэгэхлээр залуучуудад боломж олгох нь, хэн нэгнээ танихад илүү дөхөмтэй,
6. Иймд аливаа сонгуульд 1 хүнийг нэг л удаа сонгоё. 2, 3 удаагийн сонгуулийг ингээд явуулаад үзье, нийгмээрээ хүмүүст ижилхэн боломж олгож, дараагийн залуу хүмүүсээ гаргаж ирцгээе.
7. Эрсдэл гаргаж байж, шударга ёс тогтоно гэж ойлгож байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.