Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж байна. Мөн эдийн засгаа хэрхэн хамгаалж авч үлдэх вэ гэдэгт ихэд анхаарч, улс орны тэргүүнүүд хариу арга хэмжээ авсаар байна. Манайд ч ялгаагүй. Засгийн газраас эдийн засагт чиглэсэн олон арга хэмжээ авч байна. Гэхдээ тэрхүү арга хэмжээ нь тооцоо судалгаатай юу, эсвэл үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байгаа нь үнэн.
Дундаж давхарга тэлэх биш хумигдаж байна
2018 онд Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд Монгол Улсын дундаж давхарга буюу economically secure 59 хувь, чинээлэг дундаж давхарга буюу Middle class 12 хувь байна гэж дурджээ.
Монгол Улсын хүн амын дийлэнх олонх нь дундаж давхаргад хамаардаг. Статистикийн байгууллагын өнгөрсөн нэгдүгээр сарын судалгаагаар 59 хувь нь дундаж бүлэгт хамаардаг гэж гарчээ. Өөдрөг л төсөөлөл. Тэгвэл дундаж давхаргынхан COVID-19-ийн нөлөөнд хамгийн их дарлуулж байна. Тэд торгуулийн суман болж ирлээ.
Хөл хорионы улмаас ажил үйлчилгээ, эрхлэх боломжгүй, татвараа бүрдүүлж чадахгүй, яг гэртээ суугаад 20 гаруй хоночихлоо. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл дундаж давхарга маань халамжийн хэсэг рүү шууд гулсан орох нь. Монгол Улс жинхэнэ утгаараа халамжийн орон болно. Уг нь дундаж давхаргаа хэрхэн дэмжих тухай эрх баригч намынхан мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөртөө ч тусгасан. Тухайлбал, "1990 оноос хойш гучин жилийн хугацаанд манай улсын иргэдийн амьдралын чанар дээшлээгүй хэмээн тодорхойлж, 2021-2025 онд дундаж давхаргыг тэлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаар заажээ. Цаашлаад дундаж давхаргын хэмжээг 80 хувьд хүргэхээр заасан. Гэтэл одоо дундаж давхарга тэлэх биш хумигдах, эмзэг бүлэг рүү ороход ойрхон ирснийг сануулъя. Гал тэргээр зүйрлэх юм бол нийгмийн зүтгүүр нь дундаж давхарга байдаг. Энэ давхарга сул байх нь эдийн засагт өөрөө эрсдэл юм.
Дундаж давхаргынхан гэж хэн болох...
МАН-2050 хөгжлийн хөтөлбөрийг батлахдаа дундаж давхаргыг 16 хувь хэмээн тооцоод 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Ардчилсан нийгэмд хамгийн идэвхтэй иргэд нь дундаж давхаргынхан байдаг. Дундаж давхарга олонх байх тусмаа боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй, төр засгийн албан тушаалтнуудын авлига, хээл хахууль харьцангуй бага байдаг гэсэн практик онол бий. Өөр нэг тодорхойлолт бол дундаж давхарга нь сардаа хоол, хувцас, орон гэр, боловсрол, эрүүл мэндийн зардлаа төлөөд цаана нь тодорхой хэмжээний хуримтлал хийж чадаж буй айл өрхийг хэлдэг. Энэ нь Статистикийн байгууллагаас гаргасан дээр тоо хэр бодит вэ гэж эргэлзэхэд хүргэж байна. Ер нь манайд дундаж давхаргын хэсэг нь их эмзэг. Жаахан л үзүүртэй зүйл хүрвэл хагарах бөмбөлөг шиг тийм эмзэг. Тэгэхээр цар тахлын үеийн энэ хөл хорио тэдэнд ямар хүнд тусч байгаа нь ойлгомжтой.
Цар тахлаас хамаарахгүйгээр дундаж давхаргад нөлөөлж байгаа хүчин зүйл
2019 онд хамгийн их буюу 19470 хүн гадаадад амьдрах болжээ. Монголд ажилтай атлаа цалин нь амьдралын наад захын суурь зардлаа ч төлж хүрдэггүй, тэгээд бүх насаараа ажиллаж, тэтгэвэр нь хэрэглээнээсээ ч бага байгаа нь иргэд гадагшаа гарахад нөлөөлж байна. Энэ талаар эдийн засагч Б.Жаргалсайхан "Энэ бол манай дундаж давхарга "гоожиж” байна гэсэн үг.
Дундаж давхаргын бууралтыг зогсоохын тулд юуны өмнө, улс төрийн клиентилист тогтолцоогоо халах шаардлагатай байна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Тэгэхээр дундаж давхарга "гоожиж” байгаа дээр дахин цар тахал нэрээр халамжийн хэсэг рүү алдах нь Монгол Улсын эдийн засаг цаашид нэлээд бүүдийнэ гэсэн анхааруулга болж байна.
Анзаарахгүй өнгөрч боломгүй судалгаа
Дотоодод тархсан халдварын улмаас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг МҮХАҮТ-аас судалжээ. Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын байр бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Харин хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан үзүүлэлт нь ажлын байр. Тухайлбал, энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогдож ийм хэмжээний хүн ажилгүй болсон гэсэн үг. Хэрэв хөл хориог үргэлжлүүлбэл нэмж 430 орчим мянган ажлын байраа алдах эрсдэлтэйг МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа гэж хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөцийг хүрэлцээтэй хугацааг энэхүү судалгаагаар тодорхойлоход хувийн хэвшлийн 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэжээ. Иргэд ажлын байраа хадгалах, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал ч гол хүндрэл болж байгааг судалгаанд тодотгожээ.
Ийнхүү өнөөдөр цар тахлын улмаас ажилтай орлоготой байсан иргэд цомхотголд өртөн, ажлын байргүй болсны улмаас ядуусын эгнээ рүү орж байна. Мэргэжлийн байгууллагууд нь бодит тооцооллыг гаргаж чадаагүй байгаа дундаж давхарга "торгуулийн суман” болж байна. Эрх баригчид хүн амын 80 хувийг дундаж амьдралтай болгоно гэж амласан. Амлалт нь мөрөөдөл төдий л үлдэх нь.
Улс орнууд дундаж орлоготой иргэдээ ингэж дэмжиж байна
Дэлхий дахин цар тахлын нөхцөлд бараг жилийн хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд 195 орон иргэддээ тусламж үзүүлэхээр төлөвлөсөн, үзүүлж байгаа гэсэн дүн гарсан байна. Улс орнууд иргэдээ дэмжих үзүүлэлт хамгийн бага хувиар нэмэгдсэн нь Беларусь 15 хувь, Молдав улс 18 хувь байгаа бол Египетэд 157 хувь, Өмнөд Солонгост 150 хувиар өсчээ.
Дэлхийн зарим оронд ажилгүйдлийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа зориулжээ. Тухайлбал, Герман, Дани, Швед, Их Британи, Франц улсад хөл хориотой холбоотойгоор ажилтнууддаа чөлөө олгон, сул зогсоосон компаниудын цалингийн зардлыг төрөөс даах ажлыг ч зохион байгуулав.
Хойд хөрш ОХУ ч ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний зардлын зарим хэсгийг нөхөн төлж байгаа бөгөөд орлого нь буурсан компаниуд нэг ажилтанд зориулж ойролцоогоор 12 мянган рублийн нөхөн төлбөр авчээ. Их Британийн эрх баригчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд сар бүр 2.5 мянган фунт стерлингийн тэтгэмж олгон тэднийг дэмжсэн бол Германд фрилансеруудад гурван сарын туршид сар бүр 500 евро олгожээ. Энэ мэтчилэн улс орнууд цар тахлын үед дундаж давхарга руугаа чиглэсэн дэмжлэгийг бодлогоор хүргэж байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл