А.Отгонбаатар дараагийн С.Жавхлан болох гээд барсангүй


А.Отгонбаатар дараагийн С.Жавхлан болох гээд барсангүй

 

Энэ удаагийн УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн цор ганц "домгийн шувуу" нь А.Отгонбаатар байлаа. Үнэн ба зөв намын дарга тэрбээр УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодов. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа "Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад "мангастуулж" сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн А.Отгонбаатар төв талбай дээр нөхдийн хамт дуулж, бүжиглэсээр сурталчилгаагаа өндөрлөсөн.

"Мангастуулсан" нь мартагдаж амжаагүй байхад нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас мэдээлсэнтэй холбоотой "900 саяын орлоготой А.Отгонбаатар" хэмээн сошиалд хэсэг "нүдүүлэв". Намын хороогоо нэр дэвшиж буй Сонгинохайрхан дүүрэгтээ бус, Сүхбаатарын талбай дээр байгуулж 10 гаруй хоног талбай дээр "амьдрав". Энэ хугацаанд улс төрийн нөхцөл байдал ч ороо бусгай байсан учир төв талбай дээр үзэл бодлоо илэрхийлэн, эсэргүүцэл үзүүлж буй тэмцэгч бүртэй хамт зогсон дуу хоолойгоо нэмэрлэлээ. Гэнэт хүйтэрч, түлш тасалдсан үеэр хотын дарга Д.Сумъяабазарыг дуудан хоосон хаалга балбаж, "Тавантолгой түлш" ХХК-ийг "дайлаар мордож" нүүрсний асуудлыг шийдсэн нэр зүүн иргэдийн анхаарлыг дахин нэг татаад амжсан.

Гэхдээ түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл нь хүн бүрийн чихийг сортосхийлгэн, нэгийг бодогдуулсан удаа бий. Амаржаад удаагүй эхийг дүн өвлийн хүйтэнд нүцгэн шахуу эмнэлэг хооронд зөөхөд төв талбай дээр хамгийн түрүүнд гарч зогсон ХҮНИЙ ЭРХ гэж дуугарч байсан хүн бол тэр мөнөөсөө мөн. Иргэдийнхээ эрх ашгийг мэддэг, түүнийхээ төлөө зоригтой дуугарч чаддаг А.Отгонбаатар шиг хүмүүс Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдвол тустай. Парламентад суудалтай болсноор "Шуудайнд хийсэн үхрийн эвэрнүүд"-ийг цэгцлэх ажлыг С.Жавхлан, А.Отгонбаатар нарын хүмүүс хийх боломжгүй. Хийх хүч, оюун байлаа ч орчин нөхцөл нь үгүй. Хууль санаачилж, батлуулах ч хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл өмнөх парламентын С.Жавхлан болох гээд барсангүй.

Ямартай ч нөхөн сонгуулийг "үзүүштэй" байлгасан ганц хүн нь нэр дэвшигч А.Отгонбаатар байлаа. Ялалт байгуулсан Э.Батшугар шиг халдвар хамгааллын дэглэм ярьж цэцэрхсэнгүй. АН-аас дэвшсэн Э.Бат-Үүл шиг хэл чимээгүй чимээгүй алга болсонгүй. ЗХЭЭ-ээс дэвшсэн Б.Найдалаа шиг цахилгаан машинаа нуун, морь унаж давхисангүй. Барын сүүл явснаас батганын толгой явсан нь дээр гэдэг. "Ардын хүү" парламентын сонгуульд сонгуульд ялалт байгуулах хэцүү ч нэр дэвших боломжтой ардчилсан нийгэмд бид амьдарч буйг харуулж буй нь А.Отгонбаатарын гавьяа юм даа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.