Газрын цахим гэрчилгээнээс 58 сая төгрөг хэмнэжээ


Газрын цахим гэрчилгээнээс 58 сая төгрөг хэмнэжээ

 

Засгийн газрын хуралдаанд Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийж, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд хийж буй ажлын талаар мэдээлэл өгчээ. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг иргэн хуулийн этгээдэд үнэ төлбөргүй цахимаар олгох ажлыг эхлүүлснээр 2021 оны аравдугаар сарын 1-17-нд 2983 иргэн, хуулийн этгээд цахим гэрчилгээ, кадастрын зургийг хэвлэж авсан бөгөөд 58 сая 147 мянган төгрөг хэмнэсэн байна. Энэ талаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр “Газрын харилцааны салбарт байгаа шаардлагагүй гарын үсгийг цөөлөх, хий дарааллыг бууруулах, шат дамжлагыг цөөлөх хүрээнд цахим систем боловсруулсан. Өмнө нь газрын гэрчилгээ үнэт цаасан дээр хэвлэгдэж байсан бол одоо гэрээсээ А4-ийн цаасаар хэвлэдэг болсноор улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болсон гэсэн үг. Манай байгууллага жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шимтгэл төлдөг байсан" гэлээ.
 
ТАВАНТОЛГОЙ ДЦС-ЫН ТЭЗҮ-Д 808 САЯ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ  
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан. Дээрх 16 эх үүсвэрээс төр өөрөө Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн барих 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдсан. Ингээд Засгийн газрын шийдвэрээр энэ долоо хоногт багтаан тендерийг зарлахаар боллоо. Өнөөдрийн байдлаар Оюутолгой 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас импортлон авч байгаа. Тиймээс Тавантолгой цахилгаан эрчим хүчний станц нь дор хаяж энэ хэмжээний орлогыг олох боломжтой гэж ойлгож болно.ТЭЗҮ-ээр тус станцыг байгуулахад нийт 808 сая ам.доллар шаардлагатай гэсэн төсөв тооцоо гарсан” гэлээ. 
 
 
С.УянгаЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.