Британийн нэгэн бяцхан арал дээр "хаан болох" хүсэлтэй хүнийг хайж байна


 

Британийн нэгэн бяцхан арал дээр "хаан болох" хүсэлтэй хүнийг хайж байна

 

Та өөрийн гэсэн уушийн газартай болохыг хүсч байсан уу? Эсвэл бүр хааны сэнтийд залрах тухай мөрөөдсөн ч байж болно. Тэгвэл Английн нэгэн жижиг арал дээрх хоёрын аль алиныг нь хийх боломжийг санал болгожээ. 


Пиэл арал нь Английн хойд нутгийн баруун эрэг болох Фурнессийн хойгоос 800 метрийн зайд оршдог, ердөө 20 га талбай бүхий жижиг арал юм. Тус арал нь байгалийн өвөрмөц тогтоц болоод баялаг түүхтэй учраас жуулчдын хөл тасардаггүй гэнэ.

Хүмүүс 4-9 сарын хооронд Пиэл дээр гаталга онгоцоор дамжин ирдэг ажээ. Мэдээж хэрэг англи суурин болсон хойно "The Ship Inn" хэмээх уушийн газар тус арал дээр бий.

 

 

Тэгвэл тус уушийн газрыг хариуцаж ажиллуулах ажлыг орон нутгийн эрх баригчид санал болгож байгаа юм байна. Гэхдээ уушийн газрын эзэн болсон хүн жуулчлалын улирлаас бусад үед ч гэсэн арлыг харж хандах үүрэг давхар хүлээх юм. 

Арлыг хариуцдаг орон нутгийн засаг захиргааны байгууллага болох Барроу Борогийн зөвлөлийн мэдээлж буйгаар тус Пиэл нь 300 гаруй жилийн түүхтэй аж. Арлын анхны эзний нэрийг Эдвард Постлетвейт гэдэг бөгөөд тэрээр эндээ 1746-1766 оны хооронд амьдарсан байна. Үүний дараахан нэгэн сонин шийдвэрийг дараачийн эзэн нь гаргасан аж. 

Цаад шалтгаан нь тодорхойгүй ч 1800-аад оноос хойш дээрх уушийн газрыг ажиллуулдаг хүн "Пиэлийн хаан" хэмээх цолыг зүүх болжээ. Үүний дээр дараагийн хааныг сэнтийд нь залахдаа толгойд нь дуулга өмсүүлж, гарт нь сэлэм бариулаад дээрээс нь шар айраг асгадаг уламжлал тогтсон байна. 

 

 

Өмнөх түрээслэгчид гэрээгээ эрт цуцалсан боловч The Ship Inn-ийг үргэлжлүүлэн ажиллуулна гэдгээ орон нутгийн захиргаа мэдэгджээ. Тиймээс тэд арлын дараагийн "хаан"-ы эрэлд гарсан байна.

Тус зөвлөлөөс бэлтгэсэн товч танилцуулгын дагуу "Хангалттай туршлагатай хүнийг нээлттэй, ил тод байдлаар тодруулахаар болсон" гэж мэдэгджээ. Арлын шинэ хаан нь 10 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулах аж.

 

 

Далайн түрлэгийн үед арлын эх газартай холбосон зам гарч ирдэг бөгөөд түүгээр хүмүүсийг дагуулж явдаг тусгай хүн байдаг аж. Энэ ажлыг 40 жилийн турш хийж ирсэн Жон Мерфи The Guardian сонинд ярилцлага өгөхдөө уушийн газрыг ажиллуулангаа арлыг харж хандана гэдэг амаргүй даваа хэмээн ярьжээ. Учир нь арал дээр нэг ирсэн бол соёл иргэншлээс нэг хэсэгтээ тасрах бөгөөд тийм тусгаарлагдмал, чимээгүй орчинд сайн дураараа байж чадах хүн л хэрэгтэй байгаа аж. 

Үүний дагуу орон нутгийн зөвлөлийн жуулчлалын эдийн засаг болон соёлын хэлтсийг хариуцсан дарга Сандра Бейнес ВВС-д өгсөн ярилцлагадаа энэ "хүмүүсийн бодож байгаа шиг мөрөөдлийн ажил биш шүү гэдгийг анхааруулъя" гэжээ. 

 

 
https://www.caak.mn/view/8289398/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.