О.Одбаяр: Яндангаас ялгарч буй утааны стандартыг олон улсын жишигт нь нийцүүлэх арга хэмжээ авах ёстой


О.Одбаяр: Яндангаас ялгарч буй утааны стандартыг олон улсын жишигт нь нийцүүлэх арга хэмжээ авах ёстой

Агаарын бохирдлын эсрэг бодитоор хийж чадах арга санал бодлоо та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

 

Монгол улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37,4 тэрбум тн. Энэ нөөцийн 70- 80 орчим хувь нь хүрэн нүүрс бөгөөд Монгол улс өнөөдрийн байдлаар жилд 7-8 сая тн хүрэн нүүрс олборлож, хэрэглэж байна. Өнөөгийн хэрэглээгээр тооцвол 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэж бодохоор Монгол улсыг “хүрэн нүүрсний диваажин” гэж хэлэхээс аргагүй ажээ. Нөөцийн хэмжээгээр нь үнэхээр диваажин гэж хэлж болох боловч өвлийн улирал дахь багахан хэрэглээнээс нь үүдсэн агаарын бохирдол утааны асуудал Монгол улсын хүн амын 50 орчим хувьд нь там болоод байна.

 

Асуудал нь диваажинд биш тамд байгаа учир бид нүүрсний хэрэглээндээ анхаарал хандуулж, ирээдүйн стратеги бодлого, зорилтоо зөв тодорхойлох цаг хугацаа аль хэдийн болжээ. Хүрэн нүүрсний хэрэглээ зайлшгүй юу гэвэл мэдээж тийм.

Нүүрс, байгалийн хий, газрын тос, цөмийн түлш, нар, салхи, ус зэрэг эх үүсвэрүүд нь байгалийн баялагийн нөөц, хөгжлийн түвшний ялгаа, хууль эрх зүйн орчин зэргээс шалтгаалан дэлхийн улс орнуудад харилцан адилгүй хэрэглэгдэж байна. Тухайлбал, Дани улс 2017 онд нийт эрчим хүчнийхээ 46%-ийг нар болон салхинаас үйлдвэрлэсэн бол Франц улс дахь хийн хэрэглээ 2016 онтой харьцуулбал 2017 онд 20 %-иар өссөн нь түүхэндээ цөмийн эрчим хүчний хэрэглээ хамгийн бага түвшинд хүрсэн байна.

БНХАУ-ын хувьд 2017 оны байдлаар эрчим хүчний нийт хэрэглээний 65%-ийг нүүрс, 17%-ийг газрын тос, 6%-ийг байгалийн хий, 12%-ийг сэргээгдэх ба цөмийн гэх мэт бусад эх үүсвэрүүд бүрдүүлжээ.

 

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдолын эсрэг олон улсын гэрээ хэлэлцээр болон олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээгээ багасгаж ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг чухалчилж байна. Гэлээ ч судалгаагаар 2030 он хүртэл дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүчний 30 орчим хувийг нүүрснээс гаргаж авсан хэвээр л байхаар байна.

 

Монгол Улс 2017 оны байдлаар эрчим хүч үйлдвэрлэлийн дотоодын эх үүсвэрийн 95.8 хувийг нүүрснээс, 0.06 хувийг дизель цахилгаан станцаар харин 4.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тус тус хангаж байна. Тухайлбал, “Шарын гол” ХК 762 мянган тн, “Багануур” ХК 3.9 сая тн, “Шивээ-Овоо” ХК 2 сая тн, “Адуунчулуун” ХК 470 мянган тн нүүрс тус тус олборлож төвийн эрчим хүчний систем болон томоохон хот суурин газруудын айл өрх, жижиг хэрэглэгчдэд нийлүүлжээ.

 

Эндээс үзэхэд хүрэн нүүрс нь Монгол улсын эрчим хүчний системийн үндсэн тулгуур цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал мөн. Нөгөөтэйгүүр дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ч өвлийн улирлыг өнөтэй дулаан давахад нь туслах түлш гэдэг нь үгүйсгэх аргагүй үнэн. Нүүрснээс үүдэлтэй утаа, агаарын бохирдолын хор хөнөөл, аюул заналыг дээр дооргүй ярьж, тодорхой хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө зарцуулсаар олон жил өнгөрлөө. Байдал сайжрах биш муужирсаар л байна. Бидэнд үнэхээр энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгаа байхгүй гэж үү, айл өрхүүд нүүрсний хэрэглээнээсээ татгалзах ёстой юу гээд олон асуулт хариултаа нэхсэн хэвээр байна. Мэдээж гарц, шийдэл байгаа. Гагцхүү бидэнд улс төржилт биш урагшаа харсан зөв шийдэмгий алхам, нэгдсэн удирдлага зохион байгуулалт л хэрэгтэй байна.

 

Дэлхий нийтээрээ хүрэн нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх зэргээр туршилт судалгааг тасралтгүй хөгжүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үр ашигтай эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Мөн нөгөө талаасаа өнөөдрийн Улаанбаатар хотод нүүрлээд буй агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх нь улс орны тэргүүн зэргүүн асуудал болж буй энэ цаг үед хүрэн нүүрсний баялаг нөөцтэй манай улсын хувьд нүүрсээ хэрхэн эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд хөнөөл багатайгаар ашиглах вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Тийм ч учраас Монгол улс хүрэн нүүрсний хэрэглээндээ дараах 2 чиглэлийг түлхүү анхаарч үзэх нь зүйтэй байна.

 

Нэгдүгээрт. Эрчим хүч үйлдвэрлэх түлшний зориулалтаар цахилгаан станцуудад нийлүүлэхээс бусад тохиолдолд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах. Шинээр баригдах цахилгаан станцуудыг төвлөрсөн суурин газруудаас алс нүүрсний орд газар, уурхайнуудын ойролцоо барьж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох замаар өвлийн улиралд айл өрхүүдийн хэрэглээний эрчим хүчийг хямдруулах бодлогыг дэмжих. Мөн одоо ажиллаж байгаа болон шинээр баригдах нүүрсээр ажиллах цахилгаан станцуудын яндангаас ялгарч буй утааны стандартыг олон улсын жишигт нь нийцүүлэх арга хэмжээ авах ёстой.

 

Хоёрдугаарт. Нүүрсээ орчин үеийн технологийн дагуу боловсруулж утаагүй түлш буюу хагас кокс, брикет үйлдвэрлэж эцсийн хэрэглэгчид буюу айл өрхүүдэд нийлүүлэх шаардлагатай байна.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2013 оноос эхлэн Австрали, БНХАУ-ын технологи эзэмшигч, хөрөнгө оруулагчидтай утаагүй түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, холбогдох тооцоо судалгааг хийж байна.

 

Бидний туршилт, судалгааны үр дүнгээр Багануурын уурхайн нүүрс нь утаагүй түлш үйлдвэрлэхэд тохиромжтой гэж гарсан бөгөөд жилд 1 сая хүртэлх тн түүхий нүүрсийг боловсруулж 500 - 600 мянган тн утаагүй түлш буюу хагас кокс үйлдвэрлэх боломжтой.

Улаанбаатар хотын жижиг хэрэглэгчид буюу айл өрхүүд жилд 1 сая орчим мянган тн түүхий нүүрсийг хэрэглэдэг бол энэ хэмжээний түүхий нүүрсийг 500-600 мянган тн утаагүй түлшээр бүрэн орлуулах боломжтой.

 

Утаагүй түлшний үйлдвэр байгуулах асуудал нь өнөөдөр л яригдаж буй шинэ асуудал биш. Урьд өмнө нь жилд 10-50 мянган тн утаагүй болон шахмал түлш үйлдвэрлэх бага хүчин чадлын цөөн үйлдвэр туршилтаар ажилласан ч амжилт олоогүй. Тэдэнд тулгарсан хамгийн том бэрхшээл бол өртөг шингээж, зардал гаргаж боловсруулсан утаагүй түлшийг түүхий нүүрстэй өрсөлдүүлэн зах зээл дээр борлуулах оролдлого хийсэнтэй холбоотой. Мэдээж 1тн утаагүй түлшний үнэ 1 тн түүхий нүүрсний үнэтэй адил юм уу хямд байх нөхцөл байхгүй учир иргэд утаагүй түлшний ач холбогдолыг нь ойлгож байсан ч хэтэвчнийхээ хэрээр л түүхий нүүрсээ сонгож байгааг буруутгах аргагүй.

 

Тийм учраас бидний хувьд түүхий нүүрсийг орлохын зэрэгцээ иргэдийн худалдан авах чадварт нийцсэн утаагүй түлшийг их хэмжээгээр үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг барьж байгуулах төслийн судалгааг хийж байгаа юм. Энэ үйлдвэрийн төсөл хэрэгжвэл түүхий нүүрсэнд агуулагдаж буй хүхрийн нэгдлүүд болох SO2 гэх зэрэг хортой бодисуудыг цэвэршүүлж түүхий нүүрснээс гарч буй хорт бодисуудыг 95%-иар бууруулах бүрэн боломжтой юм. Мөн хүрэн нүүрсний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бөгөөд Монгол Улсын нүүрсний давирхайн экспортыг тодорхой хувиар нэмэгдүүлэх зэрэг олон талын нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.

 

Төслийн судалгааны хүрээнд Австрали болон БНХАУ-ын хэд хэдэн ийм төрлийн үйлдвэрийн технологийн патент эзэмшигчдтэй хамтран ажилласан бөгөөд эдгээрээс 2011 онд БНХАУ-ын оюуны өмчийн газраас патентлагдсан “Нүүрсийг шууд бус аргаар халаах технологиор хагас коксон бүтээгдэхүүн болоод түүний дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи”-ийг нэвтрүүлэх боломжтой байна.

Энэхүү технологиор 2012 онд Хэйнан мужид 500 мянган тн хүрэн нүүрсийг коксжуулж, CNG буюу хийн түлш үйлдвэрлэх үйлдвэр, 2012 оны 8-р сараас Шинжан мужид 1,6 сая тонн нүүрснээс хагас кокс, CNG үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл, 2012 оноос эхлэн Австралид 2 сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл, Индонези улсад 2 сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл гэх зэрэг төслүүд хэрэгжиж байгаа юм байна.

 

Бидний хувьд дээрх технологиос гадна энэ чиглэлээр бусад оронд хэрэгжсэн төсөл, баригдсан үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн судлах зорилт тавьж байна. Утаагүй түлшний үйлдвэрийг цаг алдалгүй барьж чадвал 2019 оны 9 дүгээр сараас бүтээгдэхүүнээ айл өрхүүдэд нийлүүлэх боломжтой. Энэ үйлдвэрт нүүрс нийлүүлэх болон гарсан бүтээгдэхүүнийг нь түгээх ажлыг төр засгийн оролцоотойгоор зохион байгуулж, хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

 

Эцэст нь утаагүй түлш үйлдвэрлэснээр утааны асуудлыг 100 хувь шийдэх боломжгүй. Гэр хорооллыг барилгажуулах болон утааг бууруулах чиглэлээр урт хугацаанд хэрэгжих төлөвлөгөө, төслийн зэрэгцээ бид богино хугацаандаа нүүрсээ боловсруулж, утаагүй түлш хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр айл өрхүүдийн яндангаас ялгарч буй утааны хорт бодисуудын агууламжийг бууруулж чадна.

Үйлдвэр барьж байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө төсөв шаардлагатай. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Ерөнхий Сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар 500 сая долларын хөнгөлттэй нөхцөлөөр авсан зээлээр утаагүй түлш үйлдвэрлэх төслийг санхүүжүүлэхээр тохирсон нь олон жил шийдэж чадахгүй байгаа утааны эсрэг тэмцэх нэг арга замыг оллоо гэж харж байна.

 

Эх сурвалж : Үндэсний шуудан сонин /2019 он/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.