1. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Б.Жагарын хүсэлтийг хэлэлцээд тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намыг үүсгэн байгуулсан гэх 927 гишүүний бүртгэлийн баримтаас 432 иргэний мэдээлэл нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй тохирохгүй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон. Түүнчлэн хүсэлт гаргагчаас тус намын гишүүн гэх 927 иргэний холбоо барих утасны дугаарыг Улсын дээд шүүхэд ирүүлээгүй, ирүүлэхээс татгалзсанаар тухайн иргэд нь Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намын гишүүн мөн эсэхийг шалгах боломжгүй болсон, энэ нь "бүртгэл үнэн зөв байх” хуулийн зарчимд нийцэхгүй байна. Иймд Улс төрийн намын тухай хуулийн3 дугаар зүйлийн 3.2-т "Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна”, 9.3.7-д "намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл”гэж заасныг хангаагүй гэж үзэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д "гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” бол улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзахаар заасны дагуу Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.
2. "Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд хүсэлтэд хавсаргасан баримттай холбоотой асуудлыг нягтлан тодруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох баримтын талаар нэмэлт мэдээлэл авах нөхцөл үүссэн гэсэн үндэслэлээр хойшлуулав.
3.Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Нам (УЭАТТН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Г.Батжаргалын хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Намаас 854 гишүүний бүртгэл, жагсаалтаар 852 гишүүний мэдээллийг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 74 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байлаа.
Эдгээрийн олонх нь хаягийн бүртгэл зөрүүтэй гэсэн залруулж болох зөрчил байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй харьцуулан шалгахад нас барсан 2, регистрийн дугаарын бүртгэл зөрсөн 7 хүн байна. Мөн бүртгэл болон жагсаалтад мэдээлэл нь давхардаж бичигдсэн 41, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан (сонгуулийн эрх бүхий иргэн байх) шаардлагыг хангаагүй 4 хүн байна.
Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангасан эсэх, Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Намын гишүүн мөн эсэхийгшүүхээс түүврийн аргаар тус намын гишүүний жагсаалтад буй тодорхой тооны хүмүүстэй холбогдож тодруулахад Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Намын гишүүн биш гэж 56 хүн, өөр намын гишүүн (МАН, АН) гэж 2 хүн тус тус мэдэгдсэн.
Нийт 854 гишүүний бүртгэлээс дээрх байдлаар давхардаж бүртгэгдсэн 41,нас барсан 2, регистрийн дугаарын бүртгэл зөрчилтэй 7, 18 насанд хүрээгүй 4, гишүүнчлэлийн зөрчилтэй 58 хүнийг хасаж тооцвол Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан тоонд хүрэхгүй байна.
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 10.1.3-д "гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” гэж заасан үндэслэлээр Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Сэтгэгдэл