Сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудыг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний суурь мэдлэг дадлага олгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нарт сурталчлах, тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой-2022” тэмцээн Хан-Уул дүүргийн Соёлын ордонд боллоо. Тус тэмцээнийг Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын газар, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Боловролын хэлтэс хамтран зохион байгуулсан юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн ЗДТГ-ын дарга Энхбаяр, ХУД дэх Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч н.Соронзонболд нар оролцон үг хэлж, оролцогч хүүхдүүд, сурган хүмүүжүүлэгч нарт амжилт хүсэв.
Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нийт 18 цэцэрлэгийн хүүхэд багачууд авъяас билэг, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд энэ жилийн хувьд эцэг эхчүүдийг илүү өргөн хүрээнд хамруулан цогц хэлбэрээр зохион байгуулсан нь өмнөх жилүүдийн тэмцээнүүдээс илүү онцлогтой болжээ.
Хүүхдүүдийн гол үзүүлбэрүүдийн нэг бол жүжигчилсэн тоглолт байлаа. Энэ нь бага насны хүүхдэд замын хөдөлгөөнд соёлтой оролцоход нь тустай мэдлэг, мэдээллийг илүү бодитойгоор ойлгож, хүлээн авах боломжийг олгодог байна. Оролцогч хүүхдүүд эцэг эх, ах эгч нартайгаа тус жүжигчилсэн тоглолтыг хамтран үзүүлэхдээ авто зам дээр өрнөдөг дүр зургийг жүжигчилсэн байдлаар харуулахаас гадна замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй томчуудын үйлдлийг ч илэрхийлэн харуулж байсан юм. "Замын хөдөлгөөний цагаан толгой” арга хэмжээ нь замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг хүүхдэд багаас нь зөв эзэмшүүлэх ач холбогдолтой тэмцээн юм гэдгийг оролцогчид онцолж байлаа.
Сонирхуулахад, 1981 онд сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан "Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг анх зохион байгуулж эхэлсэн байдаг. Үүний үргэлжлэл болгож сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан сургалт, мэдлэг олгох энэхүү "Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион явуулдаг болжээ.
Сэтгэгдэл