Барилгын материалын үнэ 15 хувиар өсжээ


Барилгын материалын үнэ 15 хувиар өсжээ

 

Барилга хот байгуулалтын яамнаас хэвлэлийн бага хурал хийж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгуудын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор хийж буй магадлалын хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Мэдээллийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар өгнө.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Зарим аймагт ганц төсөвчин ажилладаг юм байна. Иймд тэр хүний ажлын ачаалал нэмэгдэж, компаниудыг хүлээлгэжээ. Барилгын хөгжлийн төвийн ажилтнууд амралтын өдрөөр ч ажиллаж байна. Бүх яамны санхүү хариуцсан дарга нараас бүрдсэн ажлын хэсгийг манай яамны дэргэд байгуулсан. Бид ойр ойрхон хуралдаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ үзүүлж буй олон компани магадлалд хамрагдах шаардлагатай ч маш хангалтгүй байна. Иймд бид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна. Магадлалын хугацаа ирэх сарын 1-нд дуусна.

Бид гурван эх сурвалжаас барилгын материалын үнэ цуглуулан, дунджийг тооцон гаргасан. Харьцангуй бодитоор үнийг тооцсон. Барилгын тухай хуульд зааснаар бид барилгын материалын үнийг л үндэслэх эрхтэй. Иймд тоног төхөөрөмжийн гэх мэт бусад зардлыг хамруулаагүй. Бидний хийсэн тооцоогоор барилгын материалын үнэ 15 хувиар өсжээ.

Батзориг: Цементийн тээвэрт онгой анхааран ажиллаж байна. "МАК", "Хөтөл", "Монцемент" үйлдвэрүүдийн цементийг төмөр замаар тээвэрлэхэд анхаарч ажиллалаа. "МАК цемент" компанийн 470 вагон, "Хөтөл"-д 365 вагон, "Монцемент"-д 340 асуудлыг УБТЗ-тай хамтран шийдсэн. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байна.

"Хөтөл"-ийн тухайд задгай цементээ есдүгээр сарын 1 хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Учир нь тус үйлдвэр хагас жил тутам төлөвлөгөөт завсрыг тээрэмдээ хийх ёстой байдаг. Шуудайтай цементээ хэвийн нийлүүлнэ. "Хөтөл" нийт зах зээлийн 25-30 хувийг хангадаг үйлдвэр. Энэ үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон байлаа ч дотоодод цементийн хомсдол үүсэхгүй.

Налайхад "Налгар түшиг" компани жилд 190 мянган тонн цемент мөн үйлдвэрлэдэг. Ховдод мөн цементийн үйлдвэр ашиглалтад орсон. Баруун аймгуудын хэрэгцээг хангана. Одоо цементийн үнэ дунджаар 270 мянган төгрөг байна. Дээр дурдсан гурван үйлдвэр өөрсдийн борлуулалтын цэгээр л цемент худалдаж байна. Ингэснээр дамлан худалдахаас сэргийлсэн. Нэг шуудай цемент 14-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Цементийг жижиглэнгээр худалдан авах нь түгээмэл байдаг тул иргэд 22-ын товчоон дахь үйлдвэрийн борлуулалтын цэгээс цементийг хямд үнээр авах боломжтой.

Барилгын гол материалыг татан авах, нөөц бүрдүүлэхийн тулд бид ЗТХЯ, ГХЯ-тай хамтран ажиллалаа. Энэ онд БНХАУ-аас 2000 вагоноор барилгын материал татсан. Иймд арматурын үнэ огцом өссөнгүй. Манай улс руу өдөр бүр 142 чингэлгийг урд хөршөөс оруулж байгаагийн тал нь барилгын материал тээвэрлэжээ. Тээвэрт саатал үүсээгүй тул үнэ огцом өсөөгүй гэв


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.