Хятадын радиогийн cri.cn сайтад Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар хийх айлчлалын талаар мэдээ нийтэлжээ. Тус мэдээлэлд:
"БНХАУ болон МУ нь улс төрийн болон хилийн ямар нэгэн зөрчил маргаангүй, жилээс жилд харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр буй найрсаг хөрш орнууд билээ.
Тус хоёр улс нь Ковид-19 цар тахлын тархалтын хамгийн хүнд хэцүү үед ч нэг нэгэндээ харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, Монголын талаас бэлэглэсэн 30 мянган хонины хариуд Хятадын тал цай бэлэглэснээрээ хөрш орнууд хүнд хэцүү цаг үед бэрхшээлийг хэрхэн хамтдаа даван туулж, эв санаагаа хэрхэн бэхжүүлж, хамтран ажиллаж болдгийг дэлхий дахинд үлгэрлэн харуулсан юм.
Улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх нь аливаа улс орнууд хоорондын харилцаа хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжихийн үндэс суурь юм. Энэ ч утгаараа БНХАУ болон МУ өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулсаар иржээ.
Өнгөрсөн сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И МУ-д албан ёсны айлчлал хийж, талууд олон чухал асуудлаар харилцан тохиролцоонд хүрч, нэг нэгнийхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэхээ дахин нотолцгоосон.
Тэгвэл энэ удаад Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү МУ-д айлчлах гэж байна. Ли Жаньшү нь Ковид-19 цар тахал дэлхий даяар дэгдсэнээс хойш гадаад улс оронд айлчилж буй БНХАУ-ын улс төрийн хамгийн нөлөө бүхий эрхэм юм.
Тэрбээр МУ-ын УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 10-12-нд МУ-д айлчилна.
БНХАУ нь МУ-ын худалдааны хамгийн том түнш, экспортын гол зах зээлийн байр сууриа олон жил хадгалсаар байна. БНХАУ болон МУ нь хоёр талын худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2014 онд дэвшүүлж байсан бөгөөд энэ зорилтод өнгөрсөн онд хүрч чадсанаа Ван И-гийн айлчлалын үеэр талууд мэдэгдсэн.
Хятад, Монгол хоёр орон нь цар тахлын дараах үед улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн стратегиудаа уялдуулах ажлыг эрчимжүүлснээр иж бүрэн стратегийн түншлэлээ цаашид улам бүр бэхжүүлж, хоёр орны ард түмэн хоорондын найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлэх боломжтой болохыг Ли Жаньшү өнгөрсөн онд цохон тэмдэглэж байсан юм.
Ли Жаньшүгийн энэ удаагийн айлчлал нь мөнхийн хөрш хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, улмаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөн цар хүрээг хамтарсан салбарт бэхжүүлэхэд, тухайлбал худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн түлхэц өгөх нь эргэлзээгүй юм" гэжээ.
Сэтгэгдэл