Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өчигдөр мэдээлэл хийж, УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын талаар байр сууриа илэрхийлэв. Өмнөх Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьж, парламентаар баталсан эл гэрээг тэрбээр “том луйвар” хэмээн тодорхойлж буй аж. Учир нь гэрээнд эргэлзээтэй заалт цөөнгүй орсон гэнэ. Дээрх тогтоолын дагуу Гашуунсухайт-Ганцмодны боомтыг холбосны өртөгт Монгол Улс Хятадын “Чайна энержи” компанид 2025-2040 он хүртэл нийт 247 сая тонн нүүрсийг 30 хувийн хямдралтай нийлүүлэх аж. Мөн сорчилж авснаар нийт коксжих нүүрсний 40 хувийг хямд үнээр зарж, алдагдал хүлээхээр болоод буйг тэрбээр онцлов. Мөн гэрээг Харбинд очиж хийсэн нь нууцалсны шалтгаан гэж үзэж буй аж.
Тэрбээр “Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг яаралтай огцруулж, уг гэрээг засах ёстой. Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдэд “Энэ гэрээг Ц.Туваан хийсэн” гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр уг явдалд АН бас оролцсон. Мөн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар ийм гэрээ хийж буйгаа мэдэж байсан. Гэвч мэдлэг нь дутуу, бас хулгайтай эвлэрсэн. БНХАУ-ын талтай ярилцаж, уг гэрээг яаралтай засахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүсье. Үүний хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд асуулга тавина” гэлээ.
Сэтгэгдэл