Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болголоо


Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болголоо

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо шийдвэрээ танилцуулав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлэн, 12 хувь болголоо. Банкны системийн эх үүсвэрийн долларжилт нэмэгдэж, гадаад зах зээлийн суурь хүү өсөж байгаа зэрэг нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага бий болгосныг Төв банк мэдэгдэлдээ онцоллоо. 

Инфляц, гадаад зах зээлийн нөлөөлөл, эдийн засаг санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан бодлогын хүүг нэмэгдүүлэхээс аргагүй гэж үзэж байгаагаа "Bloomberg TV Mongolia”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын 66 хувь нь илэрхийлээд байв. 

Төв банк түүнчлэн бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох, банкнуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргаад байна. 

Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлбэл макро зохистой бодлогоор дэмжиж, улам чангаруулах шаардлагагүй гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан үзэж байгаа бол эдийн засагч Р.Амаржаргал арилжааны банкнуудын зээлийн хязгаар бараг тулсан байгаа тул үүнийг Монголбанк зохицуулах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Ирэх оны төсвийн төсөлд эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэт өөдрөг бус зохистой түвшинд авч үзэх, төсвийн алдагдлыг бууруулахад зорих ёстой гэж Эдийн засагч Н.Энхбаяр үзэж байгаа аж. Эдгээрээс гадна салбаруудын хувьд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, барилгын салбарын эцсийн бүтээгдэхүүний борлуулалтыг Төрийн бодлогоор дэмжих хэрэгтэйг дурдсан байна. 

https://bloombergtv.mn/news/g1t2d6

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.