ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу цэргээ оруулснаас хойш дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Орос, Украины анхны хэлэлцээ эхлэж байлаа. Энэ хэлэлцээ гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн ч үр дүнд хүрэлгүй зогсонги байдалд орсон юм.
Зогсонги байдалд орсон Орос, Украины хэлэлцээ 2023 оны хоёрдугаар хагаст сэргэж болзошгүй гэнэ. Энэ талаар Украины Дээд радын "Ард түмний зарц" фракцын дарга Давид Арахамия мэдэгджээ. Тэрбээр өмнө нь Оростой хийсэн хэлэлцээн дээр Украины талыг тэргүүлж байсан юм. Түүнчлэн Арахамия хэлэлцээрийн ширээний ард суух нөхцөлүүдийг дахин сануулжээ.
"Оростой хэлэлцээ хийх боломжтой болзлуудыг Ерөнхийлөгч Владимир Зеленский тодорхой хэлсэн. Энэ бол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, учруулсан бүхий л хохирлыг нөхөн төлүүлэх, бүх цэргийн гэмт хэрэгтнийг шийтгэх, дахин ийм зүйл болохгүй гэх баталгаа өгөх явдал юм" хэмээн Арахамия Телеграм хуудсандаа бичжээ.
Арахамиягийн үзэж байгаагаар 2024 онд Орост Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө Оросын эрх баригчид фронт дээр амжилт олоогүй тул дипломат тал дээр "ард түмэндээ үзүүлж харуулах юмтай" байх гэж хичээх тул ирэх оны хоёрдугаар хагаст хэлэлцээ сэргэж магадгүй гэнэ.
The Wall Street Journal ням гарагт мэдээлэхдээ, АНУ-ын өндөр албан тушаалын төлөөлөгчид сүүлийн үед Украины төлөөлөгчидтэй ярилцахдаа хэлэлцээрийн талаарх сэдвийг хөндөх болсон хэмээн онцолсон байна. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан 11 дүгээр сарын дөрөвний өдөр Зеленскийтэй хэлэлцээ хийхдээ Орос, Украины хэлэлцээ эхлүүлэхийн тулд "бодит шаардлага тавих" талаар бодолцох, тэр дундаа эзлэн түрэмгийлэгдсэн Крымийг цэргийн хүчээр чөлөөлөх тухай Украины эрх баригчдын төлөвлөгөөг эргэн нэг харахыг санал болгосон гэнэ. Харин Вашингтон Украинд ямар ч дарамт шахалт үзүүлээгүй хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой хэлэлцээ хийх "хаалгаа хаагаагүй", гэхдээ Оросын удирдлагатай хэлэлцэх нь үр дүнгүй гэж үзэж байгаа талаараа 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэж байв. Харин Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Вашингтоноос дохио ирснээр Украинтай энхийн хэлэлцээ эхлэж магадгүй хэмээж байлаа. Мөн сүүлийн үед Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид төдийгүй бусад албаны этгээдүүд "Москва болзол тавилгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн" гэж мэдэгдэх болсон юм.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/544663
Сэтгэгдэл