Турк НАТО-д элсэх Финландын хүсэлтэд “өөрөөр” хариу өгч магадгүй


Турк НАТО-д элсэх Финландын хүсэлтэд “өөрөөр” хариу өгч магадгүй

 

АНКАРА. /Anadolu/. 
Турк улс НАТО-д элсэх Финландын хүсэлтэд "өөрөөр” хариу өгч магадгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
 
"Бид шаардлагатай бол Финландад өөрөөр хариу өгч магадгүй. Швед улсын хувьд биднийг Финландад өөр хариу өгөхөд цочирдох байх. Гэхдээ Финланд тэр алдааг давтах ёсгүй” гэж Р.Эрдоган Билежик мужид залуучуудын төлөөлөлтэй уулзах үеэр хэлсэн байна.
 
Анкарагийн засаг захиргаа Шведийн талд Турк руу шилжүүлэн өгөх 120 хүний жагсаалтыг өгснийг Р.Эрдоган дурдаад, тэдгээр террорист этгээдүүдийг НАТО-д нэвтрүүлэхгүйн тулд шилжүүлэх өгөх хэрэгтэй гэдгийг нэмж хэлжээ. Швед, Финланд улсууд ОХУ-ыг 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолсны дараа НАТО-д элсэхээр шийдэж, эвсэлд нэгдэх хүсэлтээ тухайн оны тавдугаар сард албан ёсоор гаргасан юм.
 
Гэвч НАТО-д 70 гаруй жилийн өмнө нэгдсэн гишүүн орон болох Турк тус хоёр орныг "Курдийн ажилчны нам” болон 2016 оны долоодугаар сарын 15-нд Туркт төрийн эргэлт гаргахыг завдсан бүлэглэлийн ард байсан "Фетулла” террорист байгууллага зэрэг террорист бүлэглэлүүдийг хүлээн зөвшөөрч, түүгээр ч зогсохгүй дэмжсэн гэж буруутгаж байгаа аж.
 
Өнгөрсөн зургаадугаар сард Турк Скандинавын тус хоёр улстай НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Анкарагийн эрх баригчдыг түгшээж буй аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх тухай санамж бичиг байгуулснаар тус эвсэлд гишүүнээр элсэхэд ахиц гараад байсан юм. Уг санамж бичигт Швед, Финланд улсууд террорист бүлэглэлийн аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд Курдийн өөрийгөө хамгаалах хүчний отряд болон "Фетулла” террорист байгууллагад дэмжлэг үзүүлэхгүй байх, терроризмын сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх, ийм төрлийн гэмт хэрэгт шийтгэл ногдуулах шинэ хууль тогтоомж гаргахаар тохиролцжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.