БАРИМТ: С.Амарсайхан хотын дарга байхдаа "Оюуны ундраа групп"-ийнхээ газрын зориулалтыг “үйлчилгээ, орон сууц” болгон өөрчилж, 0.4 га болгон томруулжээ


БАРИМТ: С.Амарсайхан хотын дарга байхдаа "Оюуны ундраа групп"-ийнхээ газрын зориулалтыг “үйлчилгээ, орон сууц” болгон өөрчилж, 0.4 га болгон томруулжээ

 

"Нийтийн эзэмшлийн газарт барилга барих зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудын жагсаалтыг гарга" гэсэн чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоног /2023.03.15/-ийн Засгийн газрын хурлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн. 

Тэгвэл 2019-2020 оны хугацаанд хотын Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан одоогийн Шадар сайд С.Амарсайханы "Оюуны ундраа групп" нь Улаанбаатар хотын А бүс буюу Энхтайваны гүүрний зүүн  талд 0.4 га газрыг "худалдаа, үйлчилгээ, орон сууцны" зориулалттайгаар эзэмшдэг /өнөөдрийн байдлаар/ бөгөөд тэндээ барилга барихаар төлөвлөж байж болзошгүй баримтыг iSee.mn сайт энэ удаа ил болгож байна. Хамгийн ноцтой нь "Оюуны ундраа групп" ХХК-ийн тус газрын эзэмших эрхийг сунгаж, зориулалтыг нь өөрчилж, улмаар эзэмших хэмжээг 0.4 га болгон томруулахад С.Амарсайхан болоод түүнээс хотын даргын ажлыг нь авсан Ж.Батбаясгалан оролцсон байгаа юм. 

-С.АМАРСАЙХАН ХОТЫН ДАРГА БАЙХДАА "ОЮУНЫ УНДРАА ГРУПП"-ИЙНХЭЭ ГАЗРЫН ЗОРИУЛАЛТЫГ "ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ, ОРОН СУУЦ" БОЛГОН ӨӨРЧИЛЖ ЗАХИРАМЖ ГАРГАЖЭЭ-

Дээрх схемийг танилцуулахаас өмнө товчхон түүх дурдахад, "Оюуны ундраа групп" нь олон жилийн өмнөөс Энхтайваны гүүрний зүүн талд 3656 мкв газрыг "шатахуун түгээх станц"-ын зориулалттайгаар эзэмшиж ирсэн бөгөөд эзэмших эрхийг сунгуулсаар өнөөдрийг хүргэжээ. Харин тус газартай хаяа залган "Тод Икс баялаг" гэх компани 1800 мкв газрыг мөн эзэмшиж байж. Гэтэл 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр тухайн үеийн Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан А/104 тоот дугаартай захирамж гарган "Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр "Тод икс баялаг” ХХК-ийн эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байна.

 

Ж.Батбаясгалан захирамж гарган

Ж.Батбаясгалан захирамж гарган "Тод Икс Баялаг" ХХК-ийн газрын эзэмших эрхийг хүчингүй болгожээ

Эцэст нь, энэ газрын зарим хэсэг "Оюуны ундраа" группт очсон бөгөөд энэ талаар дор дурдах болно. Ингээд Ж.Батбаясгалангийн дээрх захирамжаас яг 11 хоногийн дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр С.Амарсайхан нь хотын даргаар сонгогдсон байна.

Тэрбээр хотын даргын албан тушаалд очсоныхоо дараа буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр мөн 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр тус, тус захирамж гарган "Оюуны Ундраа групп"-ийн 3656 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгах, мөн "худалдаа, үйлчилгээ, орон сууц"-ны зориулалттай болгосон байна. Уг гэрээг "Оюуны ундраа групп"-ийг төлөөлж С.Амарсайханы ах С.Отгонбаярын хүү О.Тэнүүн байгуулж байжээ.

 

С.Амарсайханы

С.Амарсайханы "Оюуны ундраа групп" ХХК-д гаргасан захирамж. 2019.11.08

 

 С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байхдаа

С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байхдаа "Оюуны ундраа групп"-ийн эзэмшдэг Энхтайваны гүүрний орчмын газрын зориулалтыг нь "Худалдаа, үйлчилгээ, орон сууц" болгон захирамж гарган. Улмаар тус өөрчлөлтийг бусдаас нуухын тулд Сонгинохайрхан дүүрэг хэмээн худал хавсралт үйлдсэн байж болзошгүй байна.

 

C.Амарсайханы захирамжаар

C.Амарсайханы захирамжаар "Оюуны ундраа групп" ХХК-ийн Энхтайваны гүүрний орчмын газар эзэмших гэрчилгээ шинэчлэгдэж, зориулалт нь "Худалдаа, үйлчилгээ, орон сууц" болжээ

-С.АМАРСАЙХАНЫ ТӨРСӨН АХ С.ГАНБАТ ГАЗРАА ТОМРУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСНЫГ НЬ Ж.БАТБАЯСГАЛАН ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХДӨӨ "ТОД ИКС БАЯЛАГ" ХХК-ИЙН ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ГАЗРААС НЭМЖ ОЛГОЖЭЭ-

Энэ бүхний дараа буюу 2020 зургаадугаар сарын 08-ны өдөр "Оюуны ундраа групп"-ийн Ерөнхий захирал, С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд "Бид  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 3656 мкв талбайг эзэмшдэг. Бид тус газартаа байрлах мод, бут, ургамлыг өөрсдийн хамгаалалтдаа авч арчилсаар ирсэн ба ойр орчмын газрыг засварлан, зүлэгжүүлж иргэдийн амарч зугаалах ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулах хүсэлтэй байгаа. Иймд та бүхэн 2838 мкв талбай бүхий газрыг манай байгууллагын эзэмшлийн газар дээр нэмж олгон бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. 

 

С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат газраа 2838мкв-аар томруулах хүсэлтийг гаргажээ

С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат газраа 2838мкв-аар томруулах хүсэлтийг гаргажээ

Харин С.Ганбатыг хүсэлт гаргаснаас 24 хоногийн дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 01-ны өдөр С.Амарсайхан хотын даргын ажлаа Ж.Батбаясгаланд хүлээлгэн өгсөн байдаг. Харин С.Амарсайханы ажлыг хүлээн авсан Ж.Батбаясгалан өмнө нь өөрөө захирамж гарган хүчингүй болгосон "Тод Икс баялаг” компанийн эзэмшиж байсан газраас 2020 оны 9 сарын 30-ны өдрийн А/1151 захирамжаараа "Оюуны ундраа групп” компанид олгосон байгаа юм. Ингэснээр "Оюуны ундраа групп" ХХК-ийн Энхтайваны гүүрний орчимд эзэмших газрын хэмжээ 4728 мкв буюу 0.4 га болж нэмэгджээ. 

 

С.Амарсайханаас хотын даргын ажлыг нь хүлээн авсан Ж.Батбаясгалан нь

С.Амарсайханаас хотын даргын ажлыг нь хүлээн авсан Ж.Батбаясгалан нь "Оюуны ундраа групп”-ийн С.Ганбатын хүсэлтийн дагуу газрыг нь томруулж өгөв. Ингэхдээ "Тод Икс баялаг" ХХК-ийн цуцлуулсан 1800 мкв газрыг нийлүүлж томруулсан байх магадлалтай.

-С.ГАНБАТ ИРГЭДИЙН АМАРЧ ЗУГААЛАХ ТАЛБАЙ, АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛНА ГЭЖ ГАЗРАА ТОМРУУЛСАН Ч БАРИЛГА БАРЬЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Биднийг тус газарт очиход иргэдийн амрах талбай, зогсоолын аль нь байхгүй байлаа. Тэгэхээр С.Амарсайханы төрсөн ах "Оюуны ундраа групп"-ийн Ерөнхий захирал С.Ганбат нь сайхан амлалт хэлж газраа томруулж, зориулалтыг өөрчлүүлчхээд хав дарж байгаад барилга барьж болзошгүй нь эндээс харагдаж байгаа юм. Мөн "Оюуны ундраа групп" нь тус газраа "Голомт банкны” барьцаанд тавьсан хүртэл баримт байна.

 

Оюуны ундраа групп ХХК-ийн эзэмшигчдийн мэдээлэл

Оюуны ундраа групп ХХК-ийн эзэмшигчдийн мэдээлэл

Ташрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан нь өөрийн төрсөн ах нар болох Сайнбуянгийн Уламбаяр, Сайнбуянгийн Отгонбаяр, Сайнбуянгийн Ганбат нарынхаа хамтаар "Оюуны ундраа групп”-ыг эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн, С.Отгонбаярын төрсөн хүү О.Тэнүүн ажилладаг байна. Тэрбээр өөрөө тус группийн 24 хувийг эзэмшдэгээрээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нээлттэй мэдүүлдэг. Тэгэхээр "Оюуны ундраа групп” ХХК бол Шадар сайд С.Амарсайханы гэр бүлийн бизнесийн компани юм.

Эх сурвалж: iSee.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.