Энэ үеэр ААН-үүдийн удирдлагууд "Авто замын бүтээн байгуулалтад газар чөлөөлөлт хамгийн их тулгамддаг асуудал. Иргэд мөнгөө авч байж газраа чөлөөлнө гэдэг. Үүнээс болж цаг алдаж, намартай золгодог. Иймээс газар чөлөөлөлтийг шийдсэний дараагаар тендер зарлах санал гаргаж байлаа. Мөн авто замын салбарынхан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, цементийн үнэд зохицуулалт хийх шаардлагатай байгаа" гэдгийг хэлсэн.
"МАЗ" ХХК-ийн захирал Ц.Гансүх "Замын бүтээн байгуулалтад тулгамдаж байгаа асуудлын нэг нь карьер. Хотын зүүн болон хойд талд карьер байдаггүй. Карьерыг хотын дөрвөн талд байлгах шаардлагатай. Бид мөн хотын төвийн магистрал замуудыг засдаг. Ингэхдээ хөл хөдөлгөөн багассан оройн цагаар засахыг эрмэлздэг ч иргэд гомдол гаргадаг. Үүнд харилцан ойлголцол шаардлагатай байна" гэлээ.
Харин "Жи Ар Си" ХХК-ийн захирал П.Ганболд "Манайх зураг төслийн компани. Зургийн даалгаврыг анхнаасаа инженерийн байгууламжийн судалгаатай хийж, түүндээ таарсан төсөвтэй байлгах хэрэгтэй байна. Инженерийн байгууламжуудыг цэгцэлж, нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай" хэмээв.
Зам тавих төсвөөсөө шугам сүлжээний ажлынх нь өртөг өндөр болох тохиолдол ч гарчээ. Энэ нь гүйцэтгэгч байгууллагуудад ачаа болдог аж.
Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох төслийг гүйцэтгэгч "Монгол зам групп" ХХК-ийн захирал Ү.Батмөнх "Нүүлгэн шилжүүлэлт 80 гаруй хувьтай байна. Зөвшилцөлд хүрээгүй 10 гаруй, хашаагаа татаж сунгах тухайгаа зөвшилцөөгүй мөн ийм тооны айл байгаа. Үүнээс болж ажил удаашрах нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.
Замын салбарынхны асуултад нийслэлийн холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн юм.
"Газар чөлөөлөлт тулгамдсан асуудал болсон гэдэгтэй санал нэгдэж, үүнийг шийдэхээр боломжит бүх шийдлийг эрэлхийлж байгаа. Хүнд даацын автомашин зөвшөөрсөн замаар явж байгаа нөхцөлд бичиг баримт хураах ёсгүй. Хэрэв тийм зүйл байгаа бол мэдээллээ өгөх хэрэгтэй" гэдгийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан онцоллоо.
Харин Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Сүхбат"Тавдугаар сарын 22-нд холбогдох байгууллагууд болоод аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан хүн даацын автомашинтай холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг хийсэн. Зөвлөмжийг холбогдох байгууллага, салбарын яам руу хүргүүлсэн. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас олгож байгаа зөвшөөрлийн талаар бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд мэддэггүй. Мөн мэдээллээ хоорондоо солилцдоггүй.
Даац хэтэрсэн машин зам эвддэг. Ингээд арга хэмжээ авахаар удирдлагууддаа буруу мэдээлэл өгдөг. Нийслэл хийгээд цагдаагийн удирдлагуудаас бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах чиглэл өгсөн. Бид боломжит хэмжээнд дэмжиж ажиллаж байгаа. Даац хэтэрсэн, стандарт, дүрэм, шаардлага зөрчсөн тохиолдолд жолооч нарт арга хэмжээ авч буй. Хууль бусаар торгосон, бичиг баримт хураасан бол шалгалт хийж, буруутай этгээдэд хариуцлага тооцох боломжтой" гэсэн юм.
"Хот байгуулалтын үйл ажиллагаанд хамгийн чухал ажил нь зам, дэд бүтэц байдаг. Та бүгдийн хэлсэнчлэн дэд бүтцийн ажлыг замын бүтээн байгуулалттай уялдуулах нь чухал. Манайх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгаврыг өгдөг.
2023 оны байдлаар зам, замын байгууламжийн ес, нүхэн гарц, гүүрэн байгууламж, ил зогсоолын тус бүр дөрвөн даалгавар олгож, 12 замын байгууламжийн загвар зургийг баталсан. Энэ жил түгжрэлтэй холбоотойгоор олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөөд байна" хэмээн Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга хэлэв.
Үүний дараа Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван "Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай 129 зөвшөөрөл олгосон байдаг.
2021, 2022 онд тусгай зөвшөөрөл хүссэн 238 өргөдөл ирсэн ч холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй байсан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд суурьшлын болон ногоон бүсээс нэг км зайд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосны дагуу Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хот байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд санал өгсөн. Энэ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авч, хууль, журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна" хэмээн ярилаа.
Харин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг "Газар чөлөөлөх ажил маш төвөгтэй байдаг. Үүнийг зохицуулсан хууль байхгүй, журмаар зохицуулдаг.
Жилд 400-500 айлын газар чөлөөлдөг байсан бол өнгөрсөн жил хамгийн их буюу 1500 айлын газар чөлөөлсөн. Энэ жил 800 айлын газар чөлөөлөхөөр ажиллаж байна. Цаашид газар чөлөөлөлтийг бүтээн байгуулалтын өмнөх жил хийдэг болох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа" хэмээв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Зөвшөөрөл олгож байгаа хурлуудыг цахимаар шууд дамжуулан хүргэж байгаа. Энэ нь авлига, хээл хахуулиас сэргийлж байгаа хэрэг. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай учраас зөв зохион байгуулалтад орж байж ажил хурдан явна. Бүтээн байгуулалтад цаг алдаж болохгүй. Мөн Яармаг, Зайсангийн гүүрний бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа сайн хийж байгаа. Төв зам руу орц, гарц гаргадаг асуудлыг цэгцлэх шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл