“Саусгоби сэндс” ХХК -ийн автомашин осолдож, монгол хүний амь нас эрсдэлд орсон гэв үү?


“Саусгоби сэндс” ХХК -ийн автомашин осолдож, монгол хүний амь нас эрсдэлд орсон гэв үү?

 

“Бурхангүй газрын бумба галзуурав” гэгчээр Монгол улсын хуулийг уландаа гишгэсэн, Монгол хүний амь насыг юман чинээ тоодоггүй, Монголын баялгийг зөөвөрлөж мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэж ойлгодог гадаадын хөрөнгө оруулалттай зарим уул уурхайн компаниудын удаа дараагийн хууль бус үйлдлүүдийн тухай бид энэ удаа мэдээллэнэ.
Энд дурдагдах “Саусгоби сэндс” ХХК нь Хятадын Хонконгийн болон Канадын Торонтогийн хөрөнгийн биржэд нээлттэй хувьцаа арилжаалдаг, хувьцаа эзэмшигчид болох ТУЗ-өөс бодлогын шийдвэрээ гаргадаг, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дах Овоот толгойн уурхай болон Сүмбэрийн орд, Заг сүүж зэрэг бүлэг ордод олборлолт явуулж, Шивээ хүрэн хилийн боомт хүртэл ойролцоогоор 45 км хатуу хучилттай замаар 120 тонн когсжих нүүрсийг чиргүүлтэй хүнд даацын автомашинаар тасралтгүй зөөвөрлөж хилээр гаргадаг компани юм.
Тэгвэл “Саусгоби сэндс” ХХК-ийн тээврийн зам дээр маш ноцтой осол гарсан тухай мэдээллийг орон нутгийн иргэдээс бидэнд ирүүллээ. Тус компанийн удирдлагууд хамгийн сүүлийн оны ЛАНД200 автомашиныг худалдан авч унадаг бөгөөд тэдгээр машины нэг нь ямар хэмжээнд эвдэрснийг та бүхэн харж байна.


Хөдөлмөрийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм журмыг үл хайхран, цаана нь нүүрс тээврийн хүнд даацын автомашинууд явж байхад үл тоон шинэ машиндаа эрдэж, тоосжилт бүхий зам дээр хурд хэтрүүлэн давхисны улмаас “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ЛАНД200 автомашин осолдож, түүнд зорчиж явсан зорчигчид хүнд гэмтсэн бөгөөд энд зорчиж байсан 30 орчим насны орчуулагч монгол залуугийн бие маш муу байгаа аж.


Гэтэл “Саусгоби сэндс” ХХК-ийн ТУЗ-өөс саяхан шинээр томилон, тус компанийг удирдуулахаар Монгол улс руу илгээсэн хятад захирлууд нь асуудлын буруутанг эрж олох, хариуцлага тооцох, ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон монгол ажилтны амь нас, эрүүл мэндийг аврахын оронд дээрх ослыг олон нийтэд мэдэгдүүлэхгүйгээр нуун далдлахыг зорьж байгаа нь хачирхалтай. Түүгээр зогсохгүй энэ ослыг газар авахуулахгүй нуун далдлахын тулд Монгол Улсын цагдаа, прокурорын нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудад хандсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Түүгээр зогсохгүй “Саусгоби сэндс” ХХК-ийн үйл ажиллагаа, удирдлагын багийн гэмт хэргийн, хүчирхийллын шинжтэй үйлдлүүдийн тухай мэдээлллийг нутгийн иргэд, тээврийн жолооч нараас бидэнд ирүүлсэн юм.
Мөн Гурван тэс сумын нутаг Нарийн сухайтын нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компаниас өдөр бүр нүүрс тээвэрлэдэг олон арван автомашин дугаарладаг боловч “Саусгоби сэндс” ХХК-ийн автомашинууд давуу эрхтэйгээр тээвэрлэдэгт бусад компаниуд байнга гомдол гаргадаг байна.


Эдгээр мэдээллийг бид нягтлан шалгаад үе шаттайгаар олон нийтэд мэдээллэх болно.

Дашрамд дурьдахад дэлхийн хэмжээний томоохон хөрөнгийн биржүүд дэх тус компанийн нээлттэй хувьцааг худалдан авч байгаа хөрөнгө оруулагчид, гадаадын иргэд хувьцааг нь худалдан авч буй “Саусгоби сэндс” компани нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулахдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарган, түүнийгээ нуун дарагдуулсан гэдгийг мэдэх эрхтэй гэдгийг энд хэлэх нь зүйтэй бизээ.


А.Галт

Амлалт.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.