Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хавдар судлалын салбарын тулгамдсан асуудал” сэдэвт 17 дахь удаагийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус уулзалтад эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр дундаа эмчилгээний үр дүнг хэрхэн сайжруулж, тухайн иргэний амь насыг хэрхэн уртасгах, эмчилгээг дангаар эсвэл хосолсон байдлаар хийх үү, эмчилгээний арга барилын үр дүн ямар байгаа талаар судалгааны үр дүнг танилцуулав.
ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэлэхдээ, “Монгол Улс төдийгүй дэлхий дахинд хавдраар өвдөх иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Учир нь, хүн амын нас уртасч байна. Нас уртсахын хэрээр хүний бие махбодид гарч байгаа эдийн эсийн өөрчлөлтийн тоо нэмэгддэг. Тиймээс хавдрын өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Үүнээс гадна хавдрын тоо нэмэгдэхэд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, тамхидалт, архидалт, таргалалт гэх мэт амьдралын буруу хэвшил, дадал зуршлын улмаас хавдрын өвчлөл өсөж байна. Тиймээс хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэгт хамрагдах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг авах ёстой” гэв.
АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Х.Ариунаа: Бүдүүн шулуун гэдэсний хавдрын 70 хувь нь хожуу үедээ оношлогддог. Сүүлийн үеийн судалгаа эмчилгээний үр дүнд энэ төрлийн хавдартай хүний амьдрах хугацаа сайжирч байна. Бид ХСҮТ-д 2018-2023 онд бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдартай өвчтөнд хийсэн эмчилгээ, судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа. Үүнээс үзэхэд хожуу үеийн шулуун гэдэсний хорт хавдартай өвчтөнд дан химийн эмчилгээг биш бай эмчилгээтэй хосолсон аргаар хийвэл илүү үр дүнтэй. Энэ нь өвчтөний амьдрах хугацаа уртасч, хавдар дахин сэдрэхээс сэргийлж байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Цаашдаа хавдраас сэргийлэхийн тулд жилдээ нэг удаа бүдүүн шулуун гэдэс дурандуулах, ямар нэгэн зовуурьтай бол жилд хоёр удаа хамрагдсанаар ийм төрлийн хавдраас сэргийлэх боломжтой.
ХСҮТ-ийн мэс заслийн эмч Ч.Бат-Оргил: Бид 2016 оноос БНСУ-ын ходоодны хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хурал цуглаан, онол практикийн ажлыг зохион байгуулж, манай эмнэлгийн эмч нараас явж суралцан, олон талын хамтын ажиллагаатай ажиллаж байна. Манай улсад ходоодны хорт хавдрын өвчлөл залуужиж байна. Иймээс жилд нэг удаа ч гэсэн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахыг зөвлөе. Манай мэс заслын тасаг 10-12 эмчийн бүрэлдэхүүнтэй. Эдгээр эмч өдөрт нэгээс хоёр удаа ходоодны хорт хавдрын мэс засал хийдэг. Тэгэхээр энэхүү хавдраар өвчлөх иргэдийн тоо Монгол Улсад ямар хэмжээнд байгаа нь тодорхой болж байна.
Японы Чугоку Росай эмнэлгийн цацрагийн хорт хавдрын тасгийн профессор Ясуши Нагата, “2019 онд ХСҮТ хоёр шугаман уртасгуур суурилуулж олон улсын хэмжээний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Харин энэ жил гурав дахийг нь суурилуулсан. Ингэснээр илүү нарийн эмчилгээ хийх боломжтой болж байна. Хорт хавдрын ямар нэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандахаас гадна урьдчилан сэргийлэх үзлэгтээ эрт хамрагдах хэрэгтэй” гэв.
Монгол Улсын 21 аймгийн хавдар судлаач эмч, сувилагч нар оролцон тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцсон юм.
Р.Цэцэгбаяр
Монцамэ агентлаг
Сэтгэгдэл