Сансар судлалын салбарт өнгөрсөн оны наймдугаар сард нэгэн том онцлох үйл явдал болсон нь Энэтхэг улсын “Чандраян-3” хөлөг сарны гадаргуу дээр амжилттай газардсан явдал байлаа. Уг ажиллагаа амжилттай болсноор Энэтхэг улс саран дээр буусан АНУ, ОХУ, Хятад улсуудын эгнээнд нэгдээд зогсохгүй сарны өмнөд туйлд газардсан анхны улс болсон юм.
Саран дээр амжилттай буугаад удалгүй нарыг зорьсон ажиллагаа нь ч амжилттай болсон гээд Энэтхэг улсын сансар судлалын салбарт онцлох амжилтууд гарсаар байна. Эдгээр амжилтаа хэрхэн хямд өртгөөр бүтээж байгаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татсан.
Тухайлбал Ангараг гаргийг судлах “МОМ” ажиллагаа 74 сая ам.долларын өртөгтэй бүтсэн нь сансрын тухай алдартай кинонууд болох “Interstellar”, “Gravity”, “The Martian” зэрэг киноны өртгөөс хямд байсныг Энэтхэгийн Ерөнхий сайд онцолдог. Харьцуулахад, НАСА-гаас 2022 онд хийсэн “Артемис I” ажиллагааны ердөө хөлөг хөөргөх үйл явцад 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
ХӨЛӨГ ЖИЖИГ БАЙХ ТУСАМ ӨРТӨГ БАГА
Энэтхэгийн сансар судлалын байгууллага “Хөлөг жижиг байх тусам өртөг бага” гэдэг зарчмыг баримталдаг гэж болно. Тэд өмнө нь ашиглаж байсан технологиуд дээрээ сайжруулалт хийж, ажилчдын цалинг бага байлгах зарчмаар ажиллагаануудынхаа өртгийг танадаг.
Сарны өмнөд туйлд хүрэх “Чандраян-3” ажиллагаа дээрх зарчмын дагуу 75 сая ам.долларын өртөгтэй бүтсэн. НАСА-гийн хөлгүүдтэй харьцуулахад жингийн хувьд ч илүү хөнгөн байдаг аж.
Ангараг гаргийг судлах НАСА-гийн ажиллагаа 582.5 сая ам.долларын өртөгтэй бүтсэн. 2023 онд НАСА-гийн нийт үйл ажиллагаанд 25.4 тэрбум ам.долларыг төсөвлөсөн бол мөн онд Энэтхэг улс сансар судлалын салбартаа 1.6 тэрбумыг төсөвлөсөн юм.
ЭНЭТХЭГИЙН АЛСЫН ХАРАА
Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2035 он гэхэд улсынхаа сансрын станцыг байгуулж, 2040 он гэхэд сар руу хүмүүс илгээх төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан.
Түүнчлэн энэ онд дэлхийг ажиглах хиймэл дагуул хөөргөх, Энэтхэгийн сансрын нисгэгчийг олон улсын сансрын станц руу илгээх зэрэг ажиллагаанд АНУ-ын сансар судлалын байгууллага, НАСА-тай хамтран ажиллана. 2023 онд Энэтхэгийн сансар судлалын байгууллага долоон том ажиллагаа хийсэн бол энэ онд 12 ажиллагаа төлөвлөсөн хэмээн тус байгууллагын захирал Сриидхара Соманат мэдэгдсэн юм.
Энэтхэг улс хямд зардлаар том амжилт бүтээж байгаа нь улсынхаа залуучуудад урам зориг болохоос гадна бусад улс оронд ч сансар судлалын салбарт орон зай байгаа гэдгийг баталж байна.
ЯАГААД САНСАР СУДЛАЛ ГЭЖ?
Эрдэмтэд нар, сар, сансар огторгуйг судалж эхэлснээс хойш хүмүүсийн амьдралд технологийн олон шинэ нээлт бий болсон. Тодруулбал сансрын хайгуулаар дамжуулан хүмүүсийн өдөр тутмын амьдралыг сайжруулах шинэ технологийг хөгжүүлдэг хэмээн НАСА тайлбарласан юм.
Өөрөөр хэлбэл ертөнц, нарны аймаг, гараг дэлхийн үүсэл, бүтцийн талаар илүү ойлголттой болсноор анагаах ухаан, шинжлэх ухаан, техник технологи зэрэг салбарт тэдгээр мэдлэгээ ашиглан шинэ зүйлс бүтээх боломжтой. Сансар судалж эхэлснээр бидний амьдралд бий болсон онцлох зүйлс:
- Гар утасны камер
- Хөлдөөж, даршилсан хоол
- Зөөврийн компьютер, компьютерын хулгана
- Утасгүй чихэвч
- Халуун хэмжигч
- Тоос сорогч
- Ус цэвэршүүлэх систем
- ЛЕД гэрэл
Сансрын орон зайд хүмүүсийн харилцаа холбоо, цэргийн үйл ажиллагааг хянах гол чухал хиймэл дагуулууд байрладаг. Энэ утгаараа Хятад улсын тус салбар дахь нөлөө нэмэгдсэн. Магадгүй Энэтхэг улс сүүлийн жилүүдэд сансар судлалд идэвхтэй оролцож байгаа нь ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Доорх графикт АНУ-ын сансар судлалын байгууллага НАСА-гийн 2014-2025 он хүртэлх хугацаанд сансар судлалд хэр хэмжээний мөнгө зарцуулсан болон төсөвлөснийг харуулав.
АНУ-ын жишээн дээрээс харахад л сансар судлалд жил бүр дунджаар 20 тэрбум ам.доллар зарцуулж байна. Гэтэл Энэтхэг улс үүнээс хэд дахин бага зардлаар АНУ, Орос, Хятад гээд аль ч том гүрний хүрээгүй амжилтад хүрлээ. Цаашлаад өөрсдийн сансрын станцыг байгуулна, сансрын нисгэгчдээ сар руу илгээнэ гэсэн зорилтууд нь энэ салбар дахь шинэ, гол тоглогч гэдгийг нь баталж байх шиг.
Сэтгэгдэл