Хятадын дөрвөн том автомашин үйлдвэрлэгч бол Чанган, Донфен, Жийли, SAIC Мотор нар юм. Хятадын автомашин дотоодынхоо болон дэлхийн зах зээлд хурдацтай тэлж, сүүлийн үед тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэлд анхаарах болсон.
Энэ цаг үед дэлхийн хэвлэлүүдээр Хятад автомашины хэрэглээний чанар, эдэлгээтэй холбоотой саар мэдээлэл хөвөрч байна. Үйлдвэрлэгч компаниудын чанар муу бүтээгдэхүүн зах зээлд борлуулсан удаа дараагийн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэн, автомашинуудыг зах зээлээс эргүүлэн татсан олон ч кэйс бий.
“Гадаад хэлбэр чамин ч эд ангийн чанар муу, эдэлгээ даадаггүй” гэдгийг Хятад машин сонгосон дэлхийн хэрэглэгчид хэлж байна. Үүгээр ч зогсохгүй “Хятад автомашин бол дэлхийн брэндүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөх чадвартай эсэхэд” эргэлзэж буйгаа илэрхийлэх болсон юм.
Гэтэл манай улсад эсрэгээрээ Хятад автомашины өнгө, загварт хууртсан худалдаа ид идэвхжиж байна.
Тодруулбал, mөрийн байгууллагууд өнгө үзэмжийг нь голчилж, хямд үнэтэйд нь болж Хятад автомашин худалдан авч буй жишээ олон. Төсвийн мөнгөөр худалдан авалт хийхдээ хямд үнийг чухалчлах нь зөв ч чанаргүйг нь сонгох нь буруу юм. Чанаргүй бүтээгдэхүүн сонгосноор эвдрэл гэмтэл, урсгал засвар гэсэн зардал нэмэгдэж, үргүй зардал ихэснэ.
Хятадын зарим автомашин үйлдвэрлэгч нар хэдийн дэлхийн томоохон брэндүүдтэй хамтарсан үйлдвэртэй болсон хэдий ч чанар, эдэлгээ нь хэрэглэгчдийн сэтгэлд хүрэхгүй байгаа нь анхаарах зүйл юм.
Тиймээс Дэлхийн хэрэглэгчдэд тулгарсан Хятад машинд тулгардаг хамгийн түгээмэл асуудлуудыг сэрэмжлүүлэх үүднээс дэлгэрүүлэн хүргэж байна.
- Асахгүй байх
Хятадын Chery компанийн машин асахгүй байна гэх гомдол олон гардаг. Тухайлбал Chery J11 машинд ийм гомдол хамгийн олон ирсэн бөгөөд уг автомашиныг унадаг хүмүүсийн олонх нь асаахад асуудал их үүсдэг гэж хариулжээ. Тэр дундаа хүйтэн, сэрүүн үед энэ асуудал түгээмэл гардаг аж.
Тус автомашиныг асаах үйлдэл хийх үед мотор нь алдаа зааж, дохио өгдөг бөгөөд хамгийн гол нь энэ асуудлыг хэрэглэгчид өөрсдөө шийдэх боломжгүй, заавал мэргэжлийн засварчинд хандах шаардлага тулгардаг байна.
- Шатахууны тагны асуудал
Шатахууны таг чанар, аюулгүй байдлын стандартыг хангаагүй тохиолдолд галд автах, шатахууны саванд ус орж холилдох зэрэг эрсдэл үүсгэдэг байна.
Тэгвэл 2012 онд Хятадын зах зээлд гарсан Чанган CS35 SUV загварын автомашины шатахууны савны тагны бэхэлгээ сул тул шатахууны саванд ус орох дутагдал түгээмэл гарчээ.
Зөвхөн Хятадын зах зээл дээр 12,000 машинд ийм асуудал илэрсэн тул төрийн шийдвэрээр зах зээлээс эргүүлэн татжээ.
Шатахууны саванд ус орсноос үүдэн мотор ноцтой гэмтдэг. Чанган компани өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэсэн гурван загварынх нь шатахууны таг асуудалтай байсныг хүлээн зөвшөөрдөг.
- Шатахууны насосын бэхэлгээ
Chery J11 загварын автомашины шатахууны насост хэд хэдэн удаа асуудал илэрч, галд автах эрсдэлтэй нь тогтоогдсон. Австралийн зах зээлд нийлүүлсэн Chery J11 SUV загварын 1,000 гаруй автомашиныг энэ шалтгаанаар зах зээлээс эргүүлэн татсан юм.
Зах зээлээр эргүүлэн татах хүртэл галд автсан ямар нэг тохиолдол гараагүй ч Chery компани зах зээлд нийлүүлсэн бүх автомашиныхаа шатахууны насосыг үнэ төлбөргүй шинэ загвараар сольж өгсөн юм.
- Ослын үнэлгээ
Хятадад үйлдвэрлэсэн хэд хэдэн машин “ослоос үүдэн учрах хохирлын үнэлгээгээр” тааруу дүн авсан байдаг.
Brilliance BS6 автомашин урд талаараа мөргөлдсөн тохиолдолд ноцтой хохирол учрах нь тогтоогдож шалгалтад бүдэрсэн. Түүнээс гадна Jianling Landwind SUV, Chery J11 автомашинууд ч Германы автомашин үйлдвэрлэгчдийн холбооны үнэлгээгээр чанарын шаардлага хангахгүй гэж тооцогдсон байдаг.
Мөн Geely, Great Wall компанийн үйлдвэрлэсэн автомашинууд шалгалтад тэнцсэн ч маш бага оноо авч байжээ.
- Чанарын асуудал
Автомашин үйлдвэрлэгч компани бүр хэрэглэгчдэдээ аюулгүй бараа бүтээгдэхүүн хүргэх хариуцлага хүлээдэг. Нөгөө талаас үнийн хувьд зах зээлийн хэрэгцээнд нийцэх шаардлага тулгардаг.
Хятад автомашинуудын үнэ нь ижил техникийн үзүүлэлттэй автомашинуудтай харьцуулахад хямд байдаг нь хямд, чанаргүй эд анги ашигладаг байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үздэг.
Хямд эд анги ашиглах нь нэн түрүүнд ослын үед учрах хохирлыг огцом нэмэгдүүлэхээс гадна урт хугацаандаа моторын үзүүлэлт муудах , зэврэх эрсдэл үүсгэдэг аж. Мөн Хятадын автомашины моторт асуудал үүссэн тохиолдолд засахад хүндрэлтэй, зардал өндөртэй байдаг гэж үздэг.
- Цахилгаан автомашины галд автах эрсдэл
Цахилгаан автомашин хэрэглээнд нэвтэрсэн цагаас хойш галд автсан тохиолдол цөөнгүй гарсан. Харин Хятадын компаниуд цахилгаан автомашины зах зээлд хөл тавьснаас хойш энэ төрлийн осол огцом нэмэгдсэн дата байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын компаниуд энэ салбарт хүч түрэн орж овор хэмжээ бага цахилгаан автомашинууд ч үйлдвэрлэх болсон.
Эдгээр автомашины загвар, хийц нь олон хүнийг татдаг ч зарим загварын автомашинууд батерейнаасаа үүдэн галд өртөх эрсдэл өндөртэйд тооцогддог. Мөн батерей нь хэт халсан, кабинд нь түлэнхийн үнэр үнэртсэн гэх гомдол олон гардаг.
- Оюуны өмчийн асуудал
Хятадын автомашин үйлдвэрлэгч нар дэлхийд алдартай Мерседес Бенз, Бентли, Порше, Волксваген тэргүүтэй брэндүүдийн загвар хийцийг дуурайх нь түгээмэл байдаг.
Эдгээр машинууд нь харагдах байдлын хувьд төстэй байж болох ч чанар нь тааруу, үнэ ч хямд байдаг. Тэр дундаа моторын хүчин чадал нь дэлхийд алдартай брэндүүдээс олон дахин муу, урт зам туулахад тохиромжгүй байдаг.
Landwind X7, Zotye SR8, K-One зэрэг Хятад машинууд нь Range Rover Evoque, Porsche Macan, Mercedes-Benz GLA автомашинуудыг дуурайсан хувилбар юм.
Сэтгэгдэл