Засгийн газар, Хотын захиргаанаас “Газрын наймаачдын дунд бөмбөг тэслэнэ” гэж үе үе мэдэгдсээр буй. Тодруулбал, өнгөрсөн намар Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо өөрөөсөө өмнөх үе үеийн Хотын дарга нарын гарын үсэг зурсан газар олголтын захирамжуудыг нэгтгэж, АТГ-т аваачиж өгсөн. Араас нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газрын наймаачдын нэрсийг нийтэд зарлаж, нээлттэй сонсгол явуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэгдсэн. Товчхондоо, энэ хаврын улс төрийн халуун сэдэв нь газрын наймаа байх нь тодорхой болчихоод буй.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар өнгөрөгч баасан гарагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол хоёрын зааг дээр хэнийх нь тодорхойгүй маш том эдлэн газар байна. Би дрон нисгэж үзлээ. Туул голын эрэг дээр арал бий болгочихсон, тэндээ амьдарцгааж байна. Энэ газрыг 2014 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон юм билээ. Гэвч тэр арал дээр амьдарч байгаа хүмүүс нэг ч удаа газрыг төлбөр төлж байгаагүй. Энэ мэт газрын наймааны асуудлуудыг баримттай гаргаж ирэхээр төлөвлөж байна” гэж мэдэгдсэн. Ингэхдээ Х.Нямбаатар “Хэнийх нь тодорхойгүй” гэж ёгтолсон. Иймд бид, Хотын дарга Х.Нямбаатарын хайж байгаа Туулын эрэгт арал эзэмшиж, хаус барьж тухлагсдыг танилцуулж байна.
Э.БАТ-ҮҮЛ 2014 ОНД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН УРД ХЭСГИЙН 3.3 ГА ГАЗРЫГ “ХАН ТАЛСТ” ХХК-Д ОЛГОСОН
Сансрын зургаас хайлт хийж харвал, Х.Нямбаатарын хэлсэнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Туул голын эрэгт үнэхээр арал байгуулж, хаус барьж, хатуу хучилттай автозам тавьсан нь тодорхой харагдана.
Тайлбар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Туул голын эрэгт барьсан хаус
Судлаад үзвэл, “Хан талст” ХХК 2014 оны зургадугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Туул голын эрэгт “Наран шарлагын цогцолбор” байгуулахаар болжээ. Улмаар 2014 оны зургадугаар сарын 23-нд Хотын дарга Э.Бат-Үүл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газраас 3.3 га газрыг “Хан талст” ХХК-д ашиглуулахаар 01/2129 дугаартай “Газар ашиглуулах зөвшөөрөл”-ийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-т хүргүүлжээ. Ингээд Э.Бат-Үүлийн зөвшөөрлийн дагуу, 2014 оны долдугаар сарын 18-нд тухайн үеийн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын захирал, одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхтэй “Газар ашиглуулахаар гэрээ”-г байгуулсан байдаг аж.
Ийнхүү Э.Бат-Үүлээр зөвшөөрүүлж, Б.Саранчимэгтэй гэрээлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсгийн 3.3 га газрыг ашиглах эрхтэй болсон “Хан талст” ХХК-ийнхан “Наран шарлагын цогцолбор” гэх гоё нэрийн доор зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж, Туулын хөрсийг нь сэндийчиж, бургасыг нь хядаж, ёстой л дураараа дургицгааж эхэлсэн. Энэ газарт эзэн суугаад даруй 10 жил өнгөрч буй атал “наран шарлагын цогцолбор” баригдсангүй, эсрэгээрээ “Хан талст” ХХК-ийн эздийн хувийн эдлэн аятай болчихсон нь хувийн арал, хауснаас нь тодорхой харагдаж буй биз.
Тайлбар: Туулын эрэг дэх арал дээрээ хаус барьж буй нь, 2022 он
Эргэн сануулвал, 2020 оны тавдугаар сард “Хан талст” ХХК-ийнхний энэхүү эдлэн газартаа ухаад орхисон хиймэл цүнхээлд 8-12 насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан ноцтой хэрэг гарч байв. Гэвч “Хан талст” ХХК-ийн барилгын ажлыг түр зогсоож, тухайн үеийн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр хэрэг бүр мөсөн мартагдсан байдаг.
Э.БАТ-ҮҮЛИЙН ХАДАМ ДҮҮ Б.БОЛДМӨР НЬ “ХАН ТАЛСТ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ш.БАТ-ЭНХТЭЙ “ТАЛСТ БИЧИГТ” ХХК-ИЙГ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ, ХАЛААС НЭГТЭЙ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Туул голын эрэг арал байгуулж, хаус барьж, хувийн эдлэн болгосон “Хан талст” ХХК-ийг Шагдарсүрэнгийн Бат-Энх, Ишбадамын Нарантуяа гэх эхнэр нөхөр хоёр эзэмшдэг.
Тэгвэл тэд Э.Бат-Үүлээс хэрхэн 3.3 га газар салгаж чадсаныг хоёрхон өнцгөөр тайлбарлъя.
Нэгдүгээрт, эхнэр И.Нарантуяа Э.Бат-Үүлтэй хамт АН-д хүчин зүтгэж ирсэн хууччуулын нэг. Тухайлбал, И.Нарантуяа нь “Баянзүрх зах”-ын эзэн гэдгээрээ 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, өвдөг шороодож байв. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулиар АН олонх болсон учраас И.Нарантуяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын даргаар томилогдож, 2016 он хүртэл ажилласан. Мөн АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байв.
Хоёрдугаарт, нөхөр Ш.Бат-Энх нь Э.Бат-Үүлийн хадам дүү Б.Болдмөртэй “Талст бичигт” ХХК-ийг 2006 оноос хойш хамтран эзэмшиж байгаа, халаас нэгтэй хамтрагчид аж. Ноцтой нь, Э.Бат-Үүлийг улс төрд ид байх үед нь эхнэр Б.Дэлгэртуяагийнх нь төрсөн дүү нар болох Б.Болдмөр, Б.Тодмөр нар нь уул уурхайн лицензний “наймаачид” болж, хөлжицгөөсөн. Ард нь хүргэн ах Э.Бат-Үүл нь байдаг гэж хардах хангалттай үндэслэлүүд бий. Жишээ нь, Б.Болдмөр, Б.Тодмөр хоёртой таван компани хамтран эзэмшдэг, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ий эзэн Т.Мөнхбаяр Э.Бат-Үүлийн “Эрдэнийн төгөл” хотхон хотхонтой хаяа залгуулан “Ривер хиллс”, “Империал хаус”, “Агниста” гэх гурван хотхон барьж худалдсан байдаг. Цаашилбал, Б.Болдмөр, Б.Тодмөр хоёрын компаниуд Э.Бат-Үүлийн “Эрдэний төгөл” хотхоны хаусуудын хаяг дээр бүртгэлтэй байдаг.
Эндээс харвал, Э.Бат-Үүл намынхаа хамтран зүтгэгч, хадам дүүгийнхээ бизнесийн хамтрагчид гэх шууд хамаарлаар И.Нарантуяа, Ш.Бат-Энх хоёрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 3.3 га газрыг тасалж өгсөн байж болзошгүй ажээ.
Х.НЯМБААТАР ТУУЛЫН ЭРЭГ ДЭХ АРЛЫН “ЭЗЭД”-ИЙГ ДЭРГЭДЭЭСЭЭ ХАЙХ ХЭРЭГТЭЙ
“Хан талст” ХХК-ийн эзэн И.Нарантуяагийн төрсөн дүү И.Сүхбат гэж бий. И.Нарантуяаг 2008, 2012 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үед сонгуулийн штабыг нь И.Сүхбат нь хариуцаж байв. Тэгвэл эгч И.Нарантуяа нь АН-ын боловч дүү И.Сүхбат нь МАН-ын томчуудтай уул уурхайн бизнесээр нэвт холбогддог. Тухайлбал, И.Сүхбат нь “УБТЗ” ХНН-ийн дарга, МАН-ын нөлөө бүхий томчуудын нэг Х.Хэрлэнгийн төрсөн дүү Х.Чингэстэй “Алтай эксплорэйшн” ХХК-ийг 2005 оноос хойш хамтран эзэмшиж ирсэн.
Тэгвэл И.Сүхбатын бизнесийн хамаарлууд Х.Нямбаатарт тун ойрхон очих ажээ. Хоёр жишээ дурдъя. Нэгдүгээрт, И.Сүхбат нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн эзэн Т.Нямдаваатай “Түмэн айл инвест” ХХК-ийг хамтран эзэмшдэг ба Дорноговьд нүүрсний уурхайтай. Гэтэл “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн 51 хувийг Т.Нямдаваа, харин 49 хувийг нь Х.Нямбаатарын удирдаж буй Нийслэл эзэмшдэг.
Хоёрдугаарт, И.Сүхбат нь Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхантай “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо”-г 2012 оноос хойш хамтран эзэмшиж ирсэн, нэгдмэл ашиг сонирхолтой. Тэгэхээр Хотын дарга Х.Нямбаатар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урдах эдлэнгийн эздийг нийтэд илчилбэл, намынхаа томчуудтай, цаашлаад хамтран зүтгэгч Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхантайгаа “муудалцах” хэрэгтэй болох нь бололтой. Тиймдээ ч Х.Нямбаатар “Эзэн нь тодорхойгүй эдлэн” гэж ёгтолсон биз.
Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг өнцөг байна. “Нүүрний хулгай”-н хэрэгт МАН-ынхан голдуу холбогдсон ч ил цагаан хамгаалагдаж, харин АН-ынхан туг тахигдаад өнгөрсөн. Тэгвэл 1999 оноос хойш Нийслэлийн есөн Засаг дарга удирдсанаас Э.Бат-Үүл л ганцаараа АН-ынх, бусад нь МАН-ынх байсан гэхээр “Газрын хулгай”-н хэрэгт ч МАН-ынхан шууд холбогдоно. Гэтэл Х.Нямбаатар Э.Бат-Үүлийн олгосон 3.3 га газраар “Газрын наймаа”-ны дуулианыг эхлүүлж байна. Эндээс харвал, МАН-ынхан урьдын туршлагаараа “Газрын наймаа”-ны хэргээс намынхнаа хамгаалж үлдээд, Э.Бат-Үүлийг “золигт гаргах” төлөвлөгөөтэй байж болзошгүй харагдаж байна.
Эх сурвалж: ergelt.mn
Сэтгэгдэл