Орон сууц захиалаад хохирсон асуудлаар өнөөдөр /2024.02.29/ иргэдийн төллөөллүүд хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн эхэнд Байр захиалаад хохирсон иргэдийн "Оч” холбооны Гүйцэтгэх захирал н.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед захиалсан байрандаа орж чадахгүй хохирдог байдал багагүй газар авах болсон тул иргэд нэгдэн нийлж, хууль ёсны хүрээнд албан ёсоор, хариуцлагатайгаар тэмцлээ илэрхийлж хохирлоо барагдуулах зорилгоор холбоо байгуулсан гэдгээ тайлбарлалаа.
Тус холбооны зүгээс эхний ээлжинд ХУД-ийн 23 дугаар хороон дахь "Ирээдүйн билэг” хэмээх 130 айлын орон сууцны барилгын ажил дуусч улсын комисс хүлээж авсан ч байрандаа орж чадахгүй байгаа иргэдийн асуудал дээр ажиллаж байгаа юм байна. Байрандаа орж чадахгүй байгаа шалтгаан нь байруудыг олон иргэнд давхардуулан зарсан, гэрээгээр халхавчлан залилан хийсэн гэж үзэж байгаа хэмээн тайлбарлаж байна. Тухайн компанийн удирдлагуудад иргэдийн хохирлыг барагдуулах талаар тэд удаа дараа мэдэгдэж, уулзсан боловч одоог хүртэл хүлээлт үүсгэж, цаг алдуулж, төөрөгдүүлэх замаар ямар ч арга хэмжээ аваагүй байна. Цаашлаад байр ч үгүй, мөнгө ч үгүй болж гэр бүл салах, сэтгэл гутралд орох гэх мэт ноцтой хор хохирлууд учирдаг. Гэтэл яагаад хууль хяналтынхан энэ төрлийн асуудал дээр анхаарлаа хандуулахгүй, хайнга ханддаг вэ гэдэг зүйл яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, анх барилга барих зөвшөөрөл гаргуулахаас эхлээд маш олон бичиг баримт бүрдүүлдэг шиг баригдаж дууссаны дараа ч хууль ёсны дагуу шударгаар захиалагч иргэдэд байрыг нь олгож уу, үгүй юу гэдгийг эрх олгосон байгууллагууд хянаж шалгах, хариуцлага хүлээлгэх ажлыг хийх ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.
Мөн энэ үеэр "Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч Ж.Цогтсугар "Эрэгтэйчүүдийн насжилтыг уртасгах, соён гэгээрүүлэх чиглэлийн ТББ-ын төвтэй болъё гээд хоёр өрөө байр захиалсан. Бид жил шахам хугацаанд энэ нөхдийг харлаа. Д.Сайнсанаа захиралтай "Ирээдүйн билэг" компани, төслийн захиалагч "Аврора Трэйд" компани, ерөнхий захиалагч нь н.Ганхуяг захиралтай "Эм Цэ Хэ” компани, гэрээг гүйцэтгэгч н.Эрдэнэбаатар тэргүүтэй нөхөд хүмүүсийн мөнгөөр байр захиалуулж аваад, тэгээд байшингаа босгоод түүндээ өөр хүмүүс оруулаад, жинхэнэ захиалагчдаа гудамжинд хаячихдаг. Ингэхдээ хууран мэхлэх ажлыг системтэйгээр маш нарийн зохион байгуулалттай хийсэн байгаа юм. Бид үүнд нь зориулж шинжилгээний баг гаргалаа. Бид бодлогын хүрээнд тэмцэнэ. Бид төртэй нийлж шинжилгээ, судалгаа хийгээд төрийн ажлыг завхруулдаг, луйварчидтай хуйвалддаг, завсар нь байгаа "саарал дунджууд”-д хариуцлага ярих болно” гэв.
Ингээд Хан-Уул дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан орон сууцны төслийг хэрэгжүүлсэн Д.Сайнсанаа захиралтай "Ирээдүйн билэг" ХХК, төслийн захиалагч "Аврора Трэйд" ХХК, ерөнхий гүйцэтгэгч н.Ганхуяг захиралтай "Эм Цэ Хэ", гэрээг хамтран гүйцэтгэгч н.Эрдэнэбаатар захирал, хувьцаа эзэмшигч н.Наранцацралт нарын байр захиалсан иргэдийг хохироосон, төөрөгдүүлсэн, хууран залилан мэхэлж цаг хугацаа авах зэрэг хуйвалдааныг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан байж болзошгүй аргаар үлэмж хэмжээний хүүгүй мөнгө босгож бизнес хийснээр иргэдийг эдийн засаг, сэтгэлзүй, оюун санааны хүнд нөхцөлд оруулж буй хор хөнөөл, шалтгаанд хийсэн шинжээчийн дүгнэлт хийсэн талаар товч дурдсан юм. Тухайлбал, хууран мэхлэх замаар барилга бариад өөр этгээдэд борлуулан хөрөнгө босгодог үйл ажиллагаа нь нэг эрх ашиг бүхий бүлэг хүмүүсийн урьдчилан тохирсон зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэл байна гэлээ. Хоорондоо зөрчилтэй мэт харагдаад нэгийгээ шүүхэд өгч буй мэт дүр эсгэдэг, хуулийн зөвлөх ажиллуулж хуулийн ажилтны нэр хүндийг ашигладаг, цаг хождог, эцсийн эцэст нэг эрх ашигтай байсан гэдэг нь гэрээ зэрэг бусад баримтуудаар нотлогджээ.
Ирээдүйн амьдралын баталгаагаа чанаржуулахыг зорьсон иргэдийн энэ төрлийн хохирлын асуудлын хүрээнд дээрх холбооны зүгээс 7 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Товчхондоо "Ирээдүйн билэг” 130 айлын орон сууцыг барьсан компаниудын удирдлагууд дээрх асуудалд яаралтай хариу өгч, асуудлыг шийдвэрлэхгүй бол шат дараатай арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл