Г.Жамбалдорж: Итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй, В сорьцын шинжилгээ хийлгэхгүй


Г.Жамбалдорж: Итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй, В сорьцын шинжилгээ хийлгэхгүй

 

Улсын баяр наадамд дөрөв давсан 32 бөх, эрэгтэй найм, эмэгтэй найман сур харваач нийт 48 хүнээс допингийн шинжилгээ авсан. Тус сорьцнуудыг Герман улсын Дрезден хотын лабораторид шинжлүүлж, хариу ирэхэд дөрвөн сорьцоос допинг илэрсэн. Гэхдээ энэ талаар Гэхдээ бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, үндэсний бөхийн холбооноос албан ёсны мэдээлэл хийгээгүй.
Улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, цэргийн арслан Г.Жамбалдорж нар хариутайгаа танилцсан гэнэ.
Харин цэргийн арслан Г.Жамбалдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан допингийн шинжилгээнд бүдэрсэн гэдгээ мэдэгдэж, ард түмнээсээ уучлалт гуйв. Тэрээр "Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.
Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан. Хариугаа өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан Үр дүнгийн удирдлагын багаас авч, өөрийн биеэр танилцлаа.
Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна.
Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулж бичгээр өглөө. Миний хувьд санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2014 оноос хүзүүндээ хүнд бэртэл авч, байнга эмчилгээ хийлгэж байсан. Надад зорилго, бөхийн карьер бий. Намайг дэмждэг хүмүүс, ар гэр, үр хүүхдүүд минь байнга дэмжиж байсан учир зорилгынхоо төлөө, шүд зуун тэмцсээр ирсэн. Байнгын эмчилгээ хийлгээд явдаг байсан. Өнгөрсөн зунаас бэртэл маань сэдэрч, өнгөрсөн улирлын барилдаанд олон гарч чадаагүй. Эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад нөгөө хориотой 400 гаруй төрлийн эмийн бодисоос байжээ. Би анзаарах ёстой байсан.
Залуус, дүү нартаа бэртэл гэмтэл авбал, цаг алдалгүй бүрэн гүйцэд эмчлүүлж, болсон үедээ спортдоо ирэхийг захиж хэлмээр байна. Мөн үеийн залуусыг мэдлэг мэдээллээ дээшлүүлж, эмч болон мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой байж, эмчлүүлэх нь чухал юм байна. Эрүүл мэндээ хайрлаарай. Спорт бол эрүүл залуу насны богинохон л баясгаад өнгөрөх хором мөч.
Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох, санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, Баяр наадам зохион байгуулах комиссын оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Монголынхоо ард түмэн, үндэснийхээ өв соёлд хайртай хүмүүс, дэмжиж тусалж байсан бүх хүмүүс, бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ дахин уучлалт хүсэж байна" гэжээ.
Харин допинг илэрсэн гэсэн бусад бөхчүүд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.