4 мөрдөн байцаагч, арваад прокурор дамжиж өнөөдрийг хүрсэн хэргийг Монголын шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа!


 

Хүчингийн хэргийн хохирогч гэдгээ бусдаар зарлуулж, нийгэмд адлуулж яваа бүсгүйг нэмж шийтгэсэн хариуцлагагүй шийдвэрийг Монголын шүүх байгууллага гаргахгүй байх гэж найдлагыг тээж, харж байгаа хүмүүс нийгэмд олон байгаа талаар өмнө нь өгүүлж байсан билээ. Тэгвэл өчигдөр "Мон-Эрдэнэ” ХХК-ийн захирал, уяач П.Энхмөнхөд холбогдох хүчингийн хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хурал П.Энхмөнхийн хүсэлтээр хаалттай болсон юм. За харин шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Ер нь бол П.Энхмөнхийн мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй байдаг тул, мөрдөн байцаалтын шатанд тэрхүү зөрүүг арилгуулах бодлого явж байгаа харагдаж буй юм. Шүүгчийн захирамжинд заасан нэмэлт мөрдөн байцаалтыг дуусгаад дахиж хуралдаж таарах нь.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд олны анхааралд байсан уг хэрэг анхан шатны шүүхээр анх удаа ороод гарахдаа ийн нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Хэрэгт шүүхийн шатанд хүрэх хүртлээ бас л амаргүй замыг туулсан байдаг. Нэгэнтээ хэрэг улам л олны анхаарлыг татаж байгаа учраас тэдгээр мэдээллийг эргэн сануулах нь зөв биз ээ.

Уг хэрэг гурван жилийн хугацаанд 4 мөрдөн байцаагч, бүх шатны арваад прокурор дамжиж өнөөдрийг хүрсэн байдаг. Эдгээрээс зөвхөн анхан шатны прокурорын түвшинд 2 удаа хуульд нийцэхгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байжээ. Өөрөөр хэлбэл уг хэргийг хүлээн авч хянасан хуулийн байгууллагын ихэнх албан хаагч энэ хэргийг нотлогдсон гэж үзсэн бөгөөд албан ёсоор гэмт хэрэг үүссэнийг батлан хавтаст хэрэг үүсгэгч субъект буюу прокурор нь өөрөө буцаад хэрэгсэхгүй болгосон байгаа нь авилгалд өртсөн байхыг үгүйсгэхийн аргагүй сэжигтэй явдал юм.

Тухайн үед хэрэг болсон даруй хохирогч нь харьяа дүүргийнхээ буюу СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст хандсан бөгөөд цагдаагийн албан хаагчид нь хавтаст хэрэг үүсгэсэн прокурорынхоо хяналтан дор холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэмт хэргийн явцад хийгддэг шүүх шинжилгээ, эд мөрийн баримтын шинжилгээ, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг маш олон мөрдлөгийг явуулсаны эцэст нотлогдсон гэж дүгнэн ЭХ 126.1 зүйл ангиар яллагдагч П.Энхмөнхөд ял төлөвлөн прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэвч тухайн үед хэргийг хариуцаж ажилласан СБД-ийн хяналтын прокурор П.Мөнхцэцэг тус хэргийг цагдаагийн мөрдөн байцаагчийн яллах тогтоолыг үл харгалзан тодорхой үндэслэлгүйгээр гурван удаагийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байжээ. П.Мөнхцэцэг прокурор тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэхдээ энэ нь өөрөө үндэслэлгүй байсан бөгөөд тус прокурор нь хохирогчтой уулзахдаа удирдлага нь нөлөөлөөд байна гэдгээ ч илэрхийлж байсан байдаг.

Түүнчлэн Г.Дэлгэрмаа дээд шатны прокурорт өргөдөл гаргасныг Улсын прокурорын газраас хянаад 2014 оны 12-р сарын 1-ний өдөр тус хэргийг дахин сэргээж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Харин энэ шийдвэр гарахын өмнөх өдөр нь П.Энхмөнх Монгол улсын хилээр гарч оргон зайлсан байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс эрэн сурвалжилж П.Энхмөнхийг АНУ-д байсныг тогтоосон бөгөөд эх орондоо ирж хэргээ шийдүүл, эсвэл Олон улсын байгууллага интерполд мэдүүлж албадан ирүүлнэ гэсэн шаардлагын дагуу түүнийг 2016 оны 1-р сард Монгол улсын хил нэвтрэхэд нь саатуулан хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин эхэлсэн ч, хэрэг дахиад хэрэгсэхгүй болсон байдаг. Энэ удаад хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор нь н.Мөнх-Эрдэнэ гэх прокурор байсан бөгөөд тэрээр прокурорын албанд ороод удаагүй байсан төдийгүй хохирогчтой нэг ч удаа уулзаагүй бөгөөд зөвхөн яллагдагчийн хэлснийг итгэл үнэмшлээ болгон өмнө нь хавтаст хэрэгт огт байгаагүй нөхцлийг нэмж бичин буруу дүгнэн ажлын хариуцлага алдсан байсныг дээд шатны прокурор нь илрүүлж байжээ. Тэгэхээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгож байсан тохиолдол бүр нь хуульд үл нийцэх шударга бус ажиллагаа байжээ гэж харах үндэслэлүүд байсаар ирсэн байгаа юм.

За тэгээд 2016 оны 06-р сарын 02-ны өдөр Улсын ерөнхий прокурорын зүгээс тус хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэн дахин сэргээн нэмэлт мөрдөн байцаалтанд шилжүүлсэн байдаг юм. Улмаар энэ 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хурал нь товлогдсон байсан ч, улс даяар амрах шийдвэрийг засгаас гаргасан учраас уг хурал 29-ний өдөр болохоор хойшлогдоод байв. Тэгээд өчигдөр шүүх хурал хаалттай болж, шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Хохирогчийн тухайд Монгол Улсын хуулийн байгууллагад шударга албан хаагчид нь олон байгаасай, үнэн мөнийг эцэслэн тогтоох байх гэсэн итгэлээ алдаагүй байгаагаа хэвлэлд ярьсан байдгийг энэ дашрамд тодотгоё. Шүүх байгууллага бол үнэний талд шийдвэрээ гаргах үүрэгтэй байгууллага. Тиймээс уг хэрэг өнгөрсөн гурван жилд шат шатны хуулийн байгууллагыг дамжихдаа эрх сүр, эд мөнгө, танил талын нүүр сүлжээг дагуулсан талаарх таагүй мэдээллүүд шүүхийн шатанд давтагдахгүй байх гэсэн найдлага байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.