Засгийн газарт ойн тооллогын тайланг хүлээлгэн өглөө


 

Монгол Улс  ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулж, дүнг гаргажээ. Уг ойн тооллогын тайланг Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа  өнөөдөр болж,  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нээж үг хэлэв. Салбарын сайдын хэлснээр, Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэж, UN-REDD хөтөлбөрийн түнш орон, 2012 онд REDD+ хөтөлбөрт хамрагдаж Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтыг олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар тодорхойлох, тайлагнах үүргийг хүлээжээ.   Энэ үүргийнхээ хүрээнд ойн үндэсний тооллогыг амжилттай явууллаа.  "Анхны тооллогоос 40 жилийн дараа хийгдсэн энэ удаагийн ойн тооллого нь зорилго, хамрах хүрээ, арга аргачлалын хувьд нилээд өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдолтой боллоо. Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байна.

Мөн Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох үндсэн зорилго бүхий "Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү тооллогын үр дүн асар өндөр ач холбогдолтой юм” хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн  Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажилласан ХБНГУ-ын Засгийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь”  хөтөлбөр, "REDD+ Монгол улсын үндэсний ойн тооллого” төслийн хамт олон, байгалийн хүнд хэцүү амаргүй нөхцөлд ажлын гол ачааг үүрч гарсан эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилтнуудад  талархал илэрхийлэв.

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Ой судалгаа хөгжлийн төв болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, тэдгээрийн тусламж дэмжлэгтэйгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол орны шилмүүст болон навчит ойг бүрэн хамарсан "Олон зорилтот үндэсний ойн тооллого”-ыг  зохион байгуулсан.  Үндэсний ойн тооллогын зорилго нь шилмүүст навчит ойн талбай, ойн төлөв байдлын үндсэн үзүүлэлт, тэдгээрт харгалзах нүүрстөрөгчийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэхэд оршиж байгаа юм.

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Глаас, "Энэ удаагийн ойн тооллого нь Монгол Улсын ойн салбарт ахиц дэвшил гаргах чухал судалгаа болсныг онцлов. Мөн GIZ-н "Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” хөтөлбөрийн захирал Клаус Шмидт-Кроситто "Монгол Улсын Засгийн газрын хувьд эхлэх цэгээ тавилаа гэж би дүгнэж байна. Үүнээс цааш ойн талаарх менежмент, ойг тогтвортой байлгах гэх мэт бодлогоо хэрхэн зөв тодорхойлсноор ойн  өсөлт, ирээдүй шалтгаална” хэмээлээ. Үндэсний ойн тооллогоор Монгол орны ой хөгширсөн, ойн нөөц бага, эмзэг, ой сэргэн ургах чадвар хангалттай сайн, ой модыг бага ашигласан хэмээн дүгнэжээ.  Тиймээс цаашид Монгол орны ойг,уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөр болгох шаардлага тулгарч учир "ойн тогтвортой менежмент”-ийн хэрэгжилтийг хангах бодлого эрх зүйн орчныг сайжруулах, ойн аж ахуйн арга хэмжээг боловсруулахад ойн үндэсний тооллогын мэдээг ашиглахад ихээхэн чухал үүрэгтэй  хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг ойн тооллогын ажлын тайланг танилцуулахдаа дурьдсан юм. Мөн энэ үеэр ойг  хамгаалахад үнэтэй хувь нэмэр  оруулсан хүмүүст салбарын шагнал гардууллаа хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.