АТГ-аас "Хөгжлийн банк”-ны томоохон зээлдэгчдийг шалгаж эхэлсэн. Тодруулбал өчигдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг шалгаж байцааж байсан бөгөөд прокурорын шийдвэрийн дагуу баривчилсан байна. Сайд асан Н.Батбаярыг "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн байцааж байгаа аж. Харин УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг "Хөгжлийн банк"-ны томоохон зээлдэгч хэмээн үзэж, бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцаалт авч, цагдан хорьсон байна.
Тэгвэл АТГ Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын баривчилгаанаас гадна хэд хэдэн баривчилгаа хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал цагдан хоригдоод байгаа УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг мөн АТГ-аас дуудан байцааж байгаа гэдгийг хэвлэлүүд дурдаж.
Тэднийг Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулж, тус замын 38 хувийг зассан байхад дахин мөнгө авсан хэрэгт буруутган, шалгаж байгаа аж.
Тэгвэл эдгээр хүмүүсээс гадна Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зайлшгүй шалгагдаж, эцэслэгдэх ёстой хүмүүс бол захирал асан Н.Мөнхбат, Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарын нөхдүүд гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа.
Түүнчлэн өчигдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдлийн хэд, хэдэн компанид нэгжлэг хийсэн юм. Түүнийг өнгөрсөн онд АТГ -аас тендерийн хэрэгт холбогдуулан сэжигтнээр татсан бөгөөд эл хүрээнд тус газрын байцаагч нар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эзэмшлийн "Хаан жимс”, "MAX export”, Тэц-4-ийн урд байрлах компанид нэгжлэг хийсэн аж.
Н.Алтанхуягийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учрууллаа гэж үзэж буйгаа өнгөрсөн сарын сүүлээр АТГ мэдэгдсэн билээ. Тэрбээр түүнийг үгэнд нь орохгүй байгааг хуулийн байгууллагын эх сурвалж бодлоготойгоор хэлж ярьж буй биз ээ. Тэгвэл Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын баривчилгаанаас гадна АТГ-ын ээлжит онилох хүмүүс нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас эхлээд Хөгжлийн банкны асуудалд ороогдоод буй дээр нэр дурдагдсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй юм.
Эх сурвалж: Bolod.mn
Сэтгэгдэл