ХҮЧИТ БӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙГ ШИНЖЬЕ


ХҮЧИТ БӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙГ ШИНЖЬЕ"Амьд явбал улсын наадам үзнэ” гэж их найрагч маань зүгээр ч нэг хэлээгүй. Дэнж хотойлгон, дэлхий дэлэгнүүлэн болдог цэнгэл баяраар бид монгол үндэстэн гэдгээ мэдэрч, огшдог. Болоод өнгөрснийх маргаашнаас л дараа жилийн нь наадмыг хүлээн "ирэх жилийн наадам хол байна даа” хэмээн шүүрс алдах нь бий. Жилд ганц болдог төрийн наадам айсуй. Наадам ойртох тусам уяачид хурдан хүлгээ, бөх сонирхогчид хүчит бөхөө шинжээд сүйд. Ингэхээс  ч аргагүй. Гэтэл наадмын өмнө Төрийн тэргүүний сонгууль болно. Монгол төрийн тэргүүн, монголчууд биднийг дэлхий дахинд төлөөлөх эрхэм хүнээр хэнийг сонгохоо шийднэ.  

Монголчууд бөхөө, морио байнга шинждэг хэрнээ Төрийн тэргүүнээ шинжиж шилж сонгодоггүй. Уг нь Монгол Улсын нүүр царай гадаад дотоодод төлөөлөх сайн, муу явахыг шийдэж эв нэгдлийг илэрхийлдэг хүнийг шинжиж байж сонгох нь монголчуудын зам мөр сайн байхад тустай. Тиймээс одоогийн нэр дэвшигчдийн гадаад дотоодод хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэрд хүн, сурч мэдснээр нь шинжих гээд үзье. 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын тухайд дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр, Орхон их сургуулийн Хүндэт докторын зэрэгтэй гэх намтартай. Хотын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дэд дарга өдгөө УИХ-ын даргын албан тушаалыг хашиж буй. Харин түүний өрсөлдөгч Х.Баттулга бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй. УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалыг хашиж байсан нэгэн. 

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар М.Энхболд Төв аймагт нэр дэвшиж, 8289  хүн буюу 58.23 хувийн санал авч ялалт байгуулжээ. Час улаан гэгддэг эл тойрогт хоёр Энхболдыг босоо гэх нь ч бий. Ямартай ч улаан малгайтай хэнбугайг ч хоёр гараа өргөн дэмжиж, УИХ руу илгээдэг нь тус аймгийнхны онцлог. Х.Баттулгын тухайд УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт нэр дэвшиж, 7679 хүн буюу 47.75 хувийн санал авч, өвдөг шороодсон. Хонгор нутагтаа хийж бүтээсэн ажил их хэмээн нугынхан нь тун ч ам сайтай. Тиймдээ ч царцааны нүүдлээс болж ялагдал хүлээлээ гэх гоморхол цухалздаг л юм. Мэдээж 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр дотооддоо хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг нягталж дүгнэх нь өрөөсгөл ерөнхий хана гарах болов уу. 

Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч нь Төрийн тэргүүн байх учиртай. Үндэстнийхээ соёл, иргэншил, монгол хүний үнэт зүйлийг хадгалан, эв нэгдлийг ханган ажиллах нь Ерөнхийлөгчийн ажлын нэг үүрэг гэхэд болно. Нөгөөтэйгүүр, улс төрийн савлагаа ихтэй Монголд талцаж, бутаргасан бус эвлүүлж, нийлүүлдэг эрхэм чухал. Магадгүй намаа хайрцаглаж чадах нь эхний алхам ч байж мэдэх юм. Энэ шалгуурыг нэр бүхий хоёр нэр дэвшигчдэд тавиад үзвэл бас л сонин дүр төрх бууж буй. 

Дээрх хоёр нэр дэвшигчийн нэг нь ялалт байгуулж тангараг өргөсний маргаашнаас Монгол төрийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг нэгдүгээрт хариуцах ёстой хүн болно. Тиймээс энэ үүргийг хэн нь ухамсарлаж, үйл хэргээ болгох бол гэдэг нь чухал юм. 

Монгол мөнхийн хоёр хөрштэй. Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүйтэй ижил хоёр хөршөөсөө зайлж бултах аргагүй. Тэгвэл тэдэнтэй найрсаг тэгш, нягт найдвартай, итгэлтэй түнш байх түвшинд харилцах учиртай. Энэ үүднээс нь хоёр нэр дэвшигчийн хөршүүдтэйгээ харилцах харилцаан дээр анализ хийгээд үзэхэд гэмгүй л болов уу. Засаг солигдсоны дараахан төрийн томчууд хилийн дээс алхаж, наашаа харж инээсэн болгон руу алгаа дэлгэн очсон гэхэд болно. Энэ цуваанд УИХ-ын даргын айлчлал ч багтаж, урд хөршийг зорьж, богц дүүрэн ирсэн мэдээ бий. Төмөр замын асуудлаас үүдэлтэй хятадуудтай таагүй харилцаатай гэгддэг АН-ын нэр дэвшигчийг энэ тал дээр буруутгах өнгө аяс цахим орчинд өрнөх нь бий. Гэсэн ч эр хүний дотор эмээл, хазаартай морь эзэнтэйгээ багтдаг үгийг сануулахад илүүдэхгүй л болов уу. Мэдээж Монголыг хоёр хөршөөр хязгаарлахгүй. Тиймээс бүс нутгийн дунд өөрийн нэр хүндийг өргөж, таниулж хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сайхан нөхцөл бүрдүүлэх нь чухал. Монголын хувьд нэг онцлог нь дэлхийн аль ч оронтой маргаантай асуудал байхгүй. Үүнд төрийн бодлогын мэргэн хараа авхаалж хадгалагдаж байдаг. 

Эх сурвалж: Улстөрийн тойм сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.