Nomakeupchallenge: Өршөөлийн тухай хууль


Nomakeupchallenge: Өршөөлийн тухай хуульӨршөөлийн тухай хуулийг Nomakeupchallenge-д дуудаж үзэх үү. Ямар ч баггүйгээр, улстөржүүлэлтгүйгээр хараад үзье.

Сонгуулийн хувь заяаг хуулийнхны гарт атгуулах нөхцөл бүрдэнэ

УИХ-ын 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймагт будилаан гарч, шүүх сонгуулийн үр дүнг гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн ч Өвөрхангайчууд тэднийг өөрсдийн "Төлөөлөл биш. Шүүхийн төлөөлөл” хэмээж байгаа.

"Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөхгүй” гэж хэлснээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шударга хүн шиг харагдаж эхэлсэн ч 1-ийг санаж, нэлээдийг ухаж боджээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчдийг хуулийн байгууллагынхнаар шантаажлуулах замаар улс төрд өөрийн хаанчлалыг тогтоож, УИХ дахь амьгүй албатын бүлэг байгуулах төлөвлөгөөг тэрбээр боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн эрх ашгийг хамгаалах кнопнуудыг УИХ-д үйлдвэрлэнэ гэсэн үг. Хэрэв Өршөөлийн тухай хуулийш Ц.Элбэгдоржийн санаснаар баталбал энэ эрх хуулийнханд олгогдсон учир, тэд хэнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй вэ гэдэг хар жагсаалт гаргах замаар асуудлыг шийдэх нөхцөл бүрдэх юм.

Нууцаар болон илээр санал хураахын цаад учир 

Өршөөлийн тухай хуулийг нууцаар санал хурааж батлах гэж байна гэсэн хардлагыг нийгэмд хүчээр тараав. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон цөөнгүй хүн УИХ-д суугаа. Тэд хуулийнхны хорхойтой араанд зуугдчихсан. Тэднийг ямар санал өгөх нь вэ гэдгийг хэн нэгэн байнга хянаж суугаа. Тийм учраас хэрэгт холбогдсон нөхөд ил санал хураахад утсан хүүхэлдэй болж хувирах нөхцөл бүрдэх юм. Нөгөөтэйгүүр, шоронд байгаа өршөөлд хамрагдахыг хүсч байгаа нөхөд ямар гишүүн өөрсдийнх нь эсрэг санал өгч байгааг тэмдэглэж авч ч юуны магад. Тухайн гишүүн мөнхөд гишүүнээрээ байхгүй, нөгөө нөхөр насаараа шоронд суухгүй ч байж магадгүй гэдгийг бас бодоод үзэхэд илүүдэхгүй. Тэгэхээр Өршөөлийн тухай хуулийг батлах асуудлыг нууцаар санал хураах замаар шийдэх нь ямар нэгэн нөлөө орохгүй байх хамгийн чухал асуудал болж хувирч байгаа юм.

Мэхт мэхэндээ гэгч болох вий

Дээрх аюулыг ойлгож "Өршөөлийн тухай хуулийг батлах ёстой” гэдгийг баримталсан хүмүүст эхнээс нь хэрэг үүсгэж эхлэв. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт гэнэт л хэрэг үүсгэсэн тухай мэдээллийг АТГ тараасан. Энэ нь түүнийг чимхэж буй 1 хэлбэр юм.

"Хулгайч л хулгайчийг бариарай” гэж хашгирдаг гэдэг шиг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр сүүлийн үед "Авлига,  албан тушаалын хэргийг өршөөх ёсгүй” хэмээн тэнхээ мэдэн бархирах болов. Хуулийнхны дунд хулгаруудын хэргийг хулгараар хүлээлгэх 1 арга байдаг. Энэ аргыг Ё.Отгонбаяр гишүүн дээр хуулийн байгууллагынхан хэрэгжүүлсэн бололтой юм. "Гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг шиг байсан нөхөр гэнэт л "Хулгайчийг бариарай” хэмээн бархирч эхэлсэн нь үүнийг нотлох мэт.

Нэг нэгнээ барьцаалсан улс төрийн энэ их аалзны торыг Өршөөлийн тухай хуулиар тасалж, Монголын улс төрд шинэ зам засахгүй бол барьцаалсан, барьцаалагдсан нөхөд өөрсдийн захиалсан хөгжмийг эгшиглүүлсээр байх болно гэдгийг сануулах нь илүүц биз.

У.Жанцан

Цензургүй.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.