Total Иранд хий олборлолтод нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ


Total Иранд хий олборлолтод нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Францын нефть, хийн Total компани Иран дахь Өмнөд Парсын ордоос хий олборлох гэрээг Тегераны Засгийн газартай хийлээ. Францын компани анхны хөрөнгө оруулалтаар нэг тэрбум орчим доллар зарцуулахаар төлөвлөжээ. Өрнөдийн зүгээс Ираны эрчим хүчний салбарт тавьсан хоригийг цуцалсны дараа Европоос орж ирж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь энэ болж байна.

Дэл­хийд хамгийн томд тооцогдож байгаа Өмнөд Парсын орд газрын 11 хэсэгт олборлолт явуулах тохиролцоонд Тегераны зүгээс Ираны нефтийн үндэсний компани (National Iranian Oil Company) гарын үсэг зуржээ. Энэ төсөлд мөн Хятадын үндэс­ний нефтийн компани (China National Petroleum Corporation, CNPC) оролцож байна. Гэрээнд заасны дагуу, Францын компани төс­лийн 50.1, CNPC 30, Ираны Засгийн газар үлд­сэн 19,9 хувийг эзэмших аж. 

11 хэсэгт олборлолт явуулах өртөг дөрвөн тэрбум ам.доллар. Орд газрын нийт нөөц нь хоёр тэрбум куб фут буюу 56.6 сая куб метр аж. Энэ нь өдөрт 400 мянган баррель нефтьтэй тэнцэх хий олборлоно гэсэн үг. Олборлолт 2020 оноос эхэлнэ хэмээн тооцоолж байна.

Өмнөд Парс нь Катараас зүүн хойд зүгт орших Персийн булан дахь Ираны Зүүн болон Өмнөд Парсын орд газрын өмнөд хэсэг юм. Өмнөд Парсад дэлхийн хийн нөөцийн найман хувь, Ираны хийн нөөцийн 50 хувь нь оршдог. 

3,700 хавтгай дөрвөлжин км газрыг эзлэх тус ордыг Ираны эрх баригчид 28 хэсэгт хуваажээ.Хоёр, гуравдугаар хэсэг дээр ОХУ-ын "Газпром” компани Францын Total, Малайзын Petronas компанитай хамтран олборлолт явуулахаар болжээ.

2000 оны сүүлчээр Ираны хийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн өрнөдийн томоохон компаниудаас Total ганцаараа үлдсэн юм. Гэвч 2008 оны дундуур Францын компани "Ираны өмнөд нутагт хий олборлох ажлаа улс төрийн тогтворгүй байдлын улмаас зогсоож байна” хэмээн мэдэгдэж төслөөс гарч буйгаа зарлаж байв.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг "Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоохтой холбоотой бүх амлалт, болзлоо биелүүллээ” хэмээн мэдэгдсэний дараа АНУ болон Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцалсан билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.