"Эрдэнэт” үйлдвэр уурхайчдаа ажлын байрандаа тогтвортой, сэтгэл ханамжтай байх баталгааг бий болгох зорилгоор нийгмийн хөгжил хамгаалалд оны эхний хагас жилд 23 тэрбум төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл ажилчдаа сургаж хөгжүүлэх, тусламж үзүүлэх, хор саармагжуулах бүтээгдэхүүн болон халуун хоолоор үйлчлэх, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэрэгт уг мөнгийг зарцуулсан гэсэн үг. Тухайлбал ажилчдаа орон сууцтай болоход нь зориулан найман сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд энэ оны эхний хагас жилд 113 ажилтанд 904 сая төгрөг олгожээ. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч "Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа цалинг үе шаттай нэмэгдүүлж ирсэн бөгөөд энэ оны тавдугаар сарын нэгнээс 10 хувиар, долдугаар сарын нэгнээс үр дүнгийн урамшууллын санг 20 хувиар нэмэгдүүлжээ. Тус үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний найман сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтоо бүх үзүүлэлтээр 100 давсан хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 370 шахам тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Я.ЭНХТУЯА
Сэтгэгдэл