Борооны дараах мөөг шиг олширсон АЯЛЛЫН КЛУБ-уудыг хянах цаг болжээ


Борооны дараах мөөг шиг олширсон АЯЛЛЫН КЛУБ-уудыг хянах цаг болжээ

 

-Энх цагт ийнхүү олон иргэнээ алдсан монголчууд халаглан эмгэнэж байгаа ч амиа алдагсдыг буруутган зэмлэж, дайрч доромжлох явдал ч хэрээс хэтэрлээ. Гэвч энэ хүнд хэцүү цагт Монгол Улсын төр засаг, авран хамгаалах албаныхан маш сайн ажиллаж, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн-


Отгонтэнгэр хайрханд авирсан 27 хүнээс 17 нь маш харамсалтайгаар амиа алдаж, улс даяар гашуудаж байна. Осолдсон иргэдийн цогцсыг өчигдөр үдээс өмнө олж дууссан бөгөөд Засгийн газар, Улсын онцгой комисс, ОБЕГ-аас эрлийг зогсоосноо албан ёсоор мэдэгдсэн билээ.

Энх цагт ийнхүү олон иргэнээ алдсан монголчууд халаглан эмгэнэж байгаа ч амиа алдагсдыг буруутган зэмлэж, дайрч доромжлох явдал ч хэрээс хэтэрлээ. Гэвч энэ хүнд хэцүү цагт Монгол Улсын төр засаг, авран хамгаалах албаныхан маш сайн ажиллаж, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн.

Харин энэхүү 17 иргэн өөрсдийн амь биеэрээ хойч үедээ нэн том сургамж, захиас үлдээснийг онцлон сануулах нь зүйтэй байх. Эдгээр уулчин чухам хаана алдаа, осол гарсан бэ гэдгийг мэргэжлийн тамирчид, дасгалжуулагч нар олон нийтэд анхааруулж, Монголын аялал жуулчлалын салбарын нэгэн том дутагдал, иргэдийн хайнга байдлыг шүүмжилж байна.
 

Мэргэжлийн уулчид манайд мэргэжлийн уулчин, хөтөч бэлтгэдэг сургалт ч байхгүй шүү гэв


Энэ ослын дараа спортын Олон улсын хэмжээний мастер Б.Ууганбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд уулчид цасан нурангид даруулж, амиа алдсан гэсэн утгатай зүйл бичээд байна. Онцгой байдлын албанаас өгч байгаа мэдээлэл нь тодорхой бус байгаа болохоор тэр байх. Тэнд цасан нуранги болоогүй. Киноноос үзэхэд уулын оройгоос асар их хэмжээний цас доошоо орж ирдэг шүү дээ. Үүнийг цасан нуранги гэдэг. Харин энэ тохиолдолд өдөртөө нэмэх 9, шөнөдөө хасах 13 градус хүрч, 20 гаруй градусын зөрүүтэй цаг агаартай үед өдөртөө цас нь хайлаад шөнөдөө хөлдөөд мөстдөг. Энэ үед үндсэндээ уулчид мөстсөн цасан дээгүүр явж байсан байгаа юм. Бидний ойлгож байгаа шиг өвдөг татсан хунгарласан цас байгаагүй. Тухайн үед мөстсөн цас асар хальтиргаатай байсан байх.

Эхний хоёр олс бүхий 17 хүний алхалтыг дийлэхгүйгээр хөл дор нь байсан мөс доошоо цөмрөөд, хавцал руу унасан гэж үзэж байгаа. Дээрээс асар хүчтэй цасан нуранги орж ирсэн бол амьд үлдсэн арван хүн ч гэсэн амь үрэгдэх байсан. Цасан нуранги арван хүнийг тойрч ирээд 17 хүнийг дарна гэж байхгүй шүү дээ. Буувал бүгдийг нь л хамаад явна. Тэгэхээр дээрээс цас унаагүй, хөл дор байсан мөстсөн цас доошоогоо цөмөрсөн байгаа юм. Ерөөсөө л 17 хүний хадаастай гуталны гишгэлтийг дийлэлгүй цөмөрсөн” гэж мэдэгджээ. Ямартай ч мэргэжлийн хүн ийн ярилаа.

Тэгэхээр байгалийн элдэв гамшиг, осол эндэгдлийг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй учраас олон зүйл анхаарал болгоомжтой хандах шаардлагатай болж байна.

Ер нь ийм том осол анх удаа гарч байгаа юм биш. Одоогоос хоёр жилийн өмнө Алтай Таван Богд руу авирсан таван уулчин амиа алдсан. Тэр үед яг өнөөгийнх шиг талийгаачдыг буруутган муучлах хандлага маш их гарч байсан ч энэ явдал тухайн цаг хугацаандаа л үлдэж, харин бид авсан сургамжаараа алдаагаа залруулсан нь үгүй.

Уг нь 2015 оны долоодугаар сард гарсан тэр ослын дараа аялал жуулчлалын салбарт зайлшгүй авч хэрэгжүүлэх хэд хэдэн анхааруулга, санамж гаргасан байна. Тухайлбал, Алтай Таван Богд уулыг 2012 оноос төрийн тахилтат уул болгосон учраас тухайн бүсэд зорчихын тулд Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авдаг аж. Тиймээс авиралт зохион байгуулж байгаа багийнхан Баян-Өлгий аймгийн хилийн салбар хэлтэст мэдүүлгээ урьдчилан хүргүүлж, багийн бүрэлдэхүүнээ мэдээлэх ёстой.

Гэхдээ иргэд тухайн бүс рүү зорчихдоо тэр бүр зөвшөөрөл авч, урьдчилсан мэдээлэл өгдөггүй. Хил хамгаалахын албан хаагчид гадаадын иргэдийн ууланд авирах, аялах зөвшөөрөл, мэдүүлгийг нарийвчлан шалгадаг хэрнээ монголчуудынхыг тэр бүр тулгаж шалгаддаггүй, манайхан ч энэ асуудал дээр хойрго ханддаг юм байна. Түүнээс биш Монголын уулчдын үндэсний холбоо юм уу, ямар нэгэн байгууллага, Алтай таван Богдод авиралт хийх зөвшөөрлийг олгодоггүй. Мөн мэргэжлийн уулчид л холбоондоо хаашаа, ямар аялал, авиралт хийж байгаа талаараа мэдээллийг өгдөг гэнэ.

Харин сүүлийн жилүүдэд уулын спортыг сонирхогчдын тоо нэмэгдэн энэ мэтчилэн хэсэг бүлгээрээ аялах, авиралт хийх явдал олширч, энэ хэрээр эрсдэл дагуулж байгааг мэргэжлийнхэн хэлж байлаа. Хамгийн гол нь, борооны дараах мөөг шиг олширсон аяллын клубууд мэргэжлийн хөтөч, дасгалжуулагч, тамирчдын удирдлагагүйгээр өөрсдийн өмнөх багахан туршлагад дулдуйдан хүмүүсийг авч явдаг нь нууц биш.

Энэ талаар "Монголиан эскспедишн” компанийн захирал С.Алдархишиг ньюс.мн сайтад өгсөн ярилцлагадаа маш тодорхой тайлбарлажээ. Тэрбээр "Уулын хөтчийн асуудал хүндрэлтэй. Манай улсад уулын хөтөч гэж хэнийг хэлэх нь бас л ойлгомжгүй. Ууланд авирдаг хүмүүсийг хөтөч гэх үү. Аялал жуулчлалын сургууль төгссөн хүнийг хэлэх үү, тогтсон зүйл байхгүй. Манайд мэргэжлийн уулчин, хөтөч бэлтгэдэг сургалт ч байхгүй шүү дээ. Жишээлбэл, Монголд уулын аялал хийж байгаа компаниуд 3-4 хөтөчтэй. Клубуудын тухайд ямар журмаар, яаж хөтөчтэй болж байгааг хянах боломж үнэндээ алга байна. Ялангуяа хувь хүмүүс уулын аялал зохион байгуулж, сонирхлоороо нэгдээд ууланд гардаг болсон ийм үед” хэмээжээ.

Ингээд харахад хэдийгээр хүмүүс чөлөөт цагаа өөрсдийн хэмжээнд хүссэнээрээ өнгөрүүлж болох ч ийм таагүй үр дүнд хүргэхгүйн тулд нэгдсэн зохицуулалт, мэдээллийн сан, хяналтын системтэй байх шаардлагатай болжээ.

Өглөөний сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.