49,51 хувийн "Сайн эрчүүд" буюу Ш.Батхүү, Д.Эрдэнэбилэг нар хаачив?


 
49,51 хувийн "Сайн эрчүүд" буюу Ш.Батхүү, Д.Эрдэнэбилэг нар хаачив?"Эрдэнэт" үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой асуудлууд үргэлжилсээр байна.
Олныг үл нуршин, одоогийн нөхцөл байдал ямар байгааг дурьдахад Монгол Улсын Засгий Газар 2018 оны 1 сарын 10-нд хуралдсан хуралдаанаараа "Эрдэнэт үйлдвэр” компанийг хувьцаат компани болгож, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ. Тодруулбал Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. "Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон юм. Мөн хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар тусгасан УИХ-ын тогтоолыг хэлэлцээд "Үндсэн хууль зөрчөөгүй" гэж дүгнээд байна. 2018 оны 1 сарын 4-нд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж  мэдээлэл хийх үеэрээ : "УИХ хурлын тогтоол гараад бараг жил болж байна. Өмнөх Засгийн газар харилцан суутгал хийх арга хэмжээг огт хийгээгүй. Гэвч энэ хооронд нь Улсын бүртгэл, оюуны өмчийн газар 100 хувь төрийн өмч гээд бүртгэчихсэн юм билээ. Үүнтэй нь холбоотой гомдол явсаар байгаад Дээд шүүх дээр очсон. Дээд шүүх 49 хувийг нь "Монгол зэс” корпорацын нэр дээр бүртгэх шийдвэр гаргасан. Үүний дагуу бүртгэл хийгдсэн. Өнөөдрийн гарч байгаа шийдвэрийн шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд ОХУ-д төлсөн мөнгөтэй нь төсвөөс шууд болон тойруу замаар авсан мөнгөтэй нь тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийгээд "Эрдэнэт”-ийг 100 хувь улсын өмч гэж бүртгэх шийдвэр гаргалаа. Өмнө нь ийм шийдвэр гарч байгаагүй. Ялгаа нь үүндээ л байгаа юм. Одоо Засгийн газар, УИХ-ын шийдвэр хэрэгжинэ...Ер нь 2016 оны зургадугаар сарын Засгийн газрын шийдвэр хууль бус гэдгийг ажлын хэсэг тогтоосон. 2016 оны зургадугаар сард Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө таван сая ам.долларын гүйлгээ ОХУ руу хийгдчихсэн байсан. Бүр дөрөвдүгээр сарын 21-ний өдөр. Гэрээ нь хүчинтэй, Засгийн газар хувьцаагаа хэрхэх тухай шийдээгүй, УИХ-д ямар нэгэн танилцуулга хийгдээгүй байхад төлбөрөө төлөөд эхэлчихсэн байна гэдэг чинь хуйвалдаан аль хэдийнэ эхэлчихсэн байсан гэсэн үг. Энэ мэт хууль бус зүйл олон болсон.", ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатар: "2014 онд "Кью Эс Си” компани төсвөөс ямар нэгэн хөрөнгө авахгүйгээр Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртлэх 33.4 км төмөр зам, 95 км хатуу хучилттай авто зам барих Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас, Хүдэр сум хүртэл цахилгаан дамжуулах шугам барих, дэд станц барихаар тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулсан. Гэвч 2015 онд энэ гэрээгээ барьж ашиглах гэрээ болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, барьж ашиглаж, шилжүүлэх гэрээгээ барьж, ашиглах гэрээ болгон өөрчилсөн. Ингэснээр 240 тэрбум 772 сая төгөгийг улсын төсвөөс авчихсан. Энэ нь концесс, төсвийн үндсэн зарчмыг алдагдуулсан. Хэвийн хэвшлийн хийж байгаа ажлыг улсын төсвийн мөнгөөр санхүүжүүлж болохгүй гэсэн төсвийн үндсэн зарчмыг зөрчсөн. Тиймээс энэ мөнгийг буцааж авах шийдвэр гаргасан. "Кью Эс Си” компани нь "Монгол зэс” корпорацтай харилцан хамаарал бүхий этгээд учраас энэ мөнгийг "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд суутган тооцож байгаа юм." хэмээсэн юм.
Энэ үед мөнөөх "Эрдэнэт"-ийн 49 хувийг хувьдаа авсан гэх Д.Эрдэнэбилэг, "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаалан зээл авсан гэх Ш.Батхүү нарын "сайн эрчүүд" яагаад таг дуугүй байгаа нь анхаарал татна. Ер нь Ш.Батхүү, Д.Эрдэнэбилэг нар чухамдаа хэн болох тухай ч Монголчууд сайн мэдэхгүй. Иймээс ч Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж ямар сайндаа: "Энэ Д.Эрдэнэбилэг хаана байна? Эзнийхээ царайг харчихаад үхэх юмсан" хэмээж байх вэ дээ?
Д.Эрдэнэбилэг нь 1968 онд төрсөн. МУИС, "Мандах бүртгэл" дээд сургууль төгссөн. 1996 оноос хойш Улаанбаатар хотын банк, 1998 оноос хойш Худалдаа Хөгжлийн Банкыг удирдаж буй. Эхнэр Ч.Солонго. Улс төрийн хувьд Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нартай холбоотон гэгддэг. Анх 20 гаруй жилийн өмнө Ерөнхийлөгч  Х.Баттулгын жолооч байсан гэгддэг ч одоо улс төр, мөнгөний хувьд өөр бүлэглэлд багтдаг болжээ.
Ш.Батхүү нь 1985 онд Санхүү эдийн засгийн техникум, 1990 онд ОХУ-ын Москва хотын Статистик-эдийн засгийн их сургуулийг төгссөн.1990-1992 онд Статистикийн төв газарт эдийн засагч, 1992-1994 онд УБ хотын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1994-1996 онд "MCS” ХХК-д дэд захирал, 1996-1999 онд "Жамп” ХХК-д дэд захирал, 1999 оноос 2013 он хүртэл "Жаст Групп” ХХК-н ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Улс төрийн хувьд С.Баяртай ойр гэгддэг. 
Ийм л хоёр "сайн эр" Монголын улс төрийг хүртэл хоёр хувааж, бужигнуулж явна. Өмнөөс нь "Эрдэнэт" үйлдвэрийн хуульч, "Монголын зэс" компаний удирдлага гэх мэт хүмүүс элдэв тайлбар хэлж, хэвлэлүүдээр суртал нэвтрүүлэг зохион байгуулна. Хэрэв Монголд шударга ёс байдаг л бол Ш.Батхүү яагаад улсын өмч болох "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж, их хэмжээний зээл авснаа, Д.Эрдэнэбилэг Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдын хэлсэнчилэн улсын мөнгөөр улсын үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авсан нь үнэн эсэхийг Монголчуудад тайлбарлах цаг ирэх учиртай. 
 
Л.Ганзориг
Sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.