Монгол, Шинэ Зеландын ерөнхий сайд нар баярын захидал солилцов


Монгол, Шинэ Зеландын ерөнхий сайд нар баярын захидал солилцовМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шинэ Зеланд Улсын Ерөнхий сайд Жон Ки нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын захидал солилцов. Ерөнхий сайд нар уг захидалд Ази, Номхон далайн бүс нутаг дахь жижиг орнуудын хувьд нийтлэг үнэт зүйлс, стратегийн сонирхолтойг тэмдэглэсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд хоёр орны хооронд хөдөө аж ахуй, боловсрол, энхийг сахиулах салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэн, 2016 онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын чуулганд Шинэ Зеландын Ерөнхий сайдыг оролцохыг урьжээ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррэй Маккали нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан захидал солилцов. Уг захидлуудад хоёр орны найрсаг харилцаа идэвхтэй хөгжиж байгааг онцлон, Шинэ Зеландад зохиогддог англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, туршлагатай болох хөтөлбөр (ELTO) хоёр талын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг талууд тэмдэглэв. Шинэ Зеландын Гадаад хэргийн сайдын зүгээс Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сонгуульд Шинэ Зеландыг дэмжсэн явдалд талархал илэрхийлж, Гадаад хэргийн сайдыг тааламжтай цагтаа Шинэ Зеландад айлчлахыг урив.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.