17 жилийн өмнө бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан С.Зориг
агсны үхэлтэй холбоотой янз бүрийн таамаг, сэжгүүд өнөөг хүртэл явсаар
байгаа. Тухайлбал, түүнийг нас барснаас хойш маш олон хүн энэ хэрэгт
сэрдэгдэж зарим нь амь насаа алдсан тохиолдол ч бий.
Тухайлбал, Дамирангийн Энхбатыг талийгаачийн хэрэгт холбогдуулан Франц
улсаас баривчлан авч ирж байсан ч тэрээр шоронд нас барсан. Мөн хэргийн
газар очиж талийгаачийн эхнэр Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн
цагдаагийн хошууч уёанд унаж нас барсан.
Уш хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны
улмаас амиа алдсан гээд тоочоод байвал мөш олон учир битүүлэг үхлүүд ар,
араасаа хөврөх болно. Тэгвэл өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг зүй
ёсоор татаж байсан нэг асуулт бол С.Зориг агсны үхэлд Хотын дарга
Э.Бат-Үүл хамаатай юу гэдэг эргэлзээ хэвлэлийн хуудаснаа хөвөрч байсан.
Дээрх эргэлзээ гүтгэлгийг нэг тийш нь болгохоор баасан гаригг Э.Бат-Үүл
дарга өөрийн өмгөөлөгчдийн хамтаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэдний
мэдээлэл хийх болсон шалтгаан нь гэвэл "Ноцтой мэдээ" сонины 34 дахь
дугаарт "17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай
нийтлэл гарсан юм. Энэхүү нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг
хэргийн газарт байсан тухайн үед өмсөж явсан малгайгаа талийгаачийн гэрт
орхисон гэх зэргээр нийтлэлд тусгажээ. Тэгвэл дээрх сонины нийтлэлийг
ор үндэсгүй худал мэдээлэл бусдын нэр хүндэд ноцтойгоор халдсан хэмээн
үзэж тэд уг сонинг хууль хяналтын байгууллагад өгч буйгаа албан ёсоор
мэдэгдсэн юм.
Ингээд Н.Бат-Үүл даргын өмгөөлөгч В.Гомбодорж "С.Зоригийг иргэн
Э.Бат-Үүл алсан мэт илтэд гүтгэн, гүжирдсэн өнгө аястай нийтлэл
бичигдсэн байна. Бодит байдалтай нийцүүлэхгүй, худал мэдээлэл тараасан
учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж
чадахгүй бол хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдүүлгийг Э.Бат-Үүл даргаас нэг ч
аваагүй.
"Ноцтой мэдээ” сонин болоод, уг сонинд нийтэлсэн материалын эх
сурвалжийг нь нэрлэж, цааш дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага,
цахим хуудас бүр баримтгүй мэдээлэл олон нийтэд түгээснээрээ мөн л
хуулийн хариуцлага хүлээх учиртай. Тиймээс Нийслэлийн Засаг дарга
Э.Бат-Үүлийн нэр төр, алдар хүндийг сэргээлгэж, үнэн худлыг шийдүүлэх
хүсэлтээ хуулийн байгууллагад гаргахаар болсноо албан ёсоор мэдэгдье”
гэсэн юм.
Хамгийн гол нь энэхүү хэвлэлийн хуралд хотын дарга Э.Бат-Үүл өөрийн
биеэр хүрэлцэн ирээгүй байсан юм. Харин түүний өмгөөлөгч Б.Алтанхуяг
дараах тайлбарыг өгч байсан юм. Тэрбээр "Шаардлагатай бол Э.Бат-Үүл
дарга өөрөө тайлбар хийх цаг ирнэ биз дээ. Өөрөө яагаад ирээгүйг
мэдэхгүй байна” гэлээ. Түүнчлэн шаардлагатай бол энэ талаарх баримтыг
гаргаж тавина. Өнөөдөр бүх зүйлийг дэлгэх боломжгүй хэмээн мэдэгдсэн юм.
Юутай ч хотын даргааас цагдаагийнхан өнгөрсөн 17 жилийн турш С.Зориг
агсны хэрэгт холбоотой мэдүүлгийг нэг ч удаа аваагүй гэдгийг түүний
өмгөөлөгчид нь хэлснээр бас л олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Учир
нь тухайн үед талийгаачийн гэрт яагаад Э.Бат-Үүл даргын малгай байсан
юм бол гэдэг асуулт дахин гарч эхэлсэн гэсэн үг. Мэдээж энэ хэрэгт олон
гэрч, сэжигтний нэг нь талийгаач С.Зориг агсны эхнэр Б.Булган яалт ч
үгүй мөн.
Тиймээс түүнийг энэ хэрэгт сэжиглэж нөхрийгөө амь үрэгдэхэд хажууд нь
байсан цорын ганц амьд гэрч хэмээн өнгөрсөн сард цагдаагийн
байгууллагаас саатуулж яллагдагчаар татсан юм. Түүнийг баривчилсантай
холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн худал нь мэдэгдэхгүй янз
бүрийн мэдээлэл ч олонтаа гарч байсан. Тиймээс л Д.Булганы баривчилгаа
хааш нь хөтлөх вэ гэсэн асуултын тэмдэг одоог хүртэл хэвээрээ байна.
Бас нэгэн анхаарал татсан хүн нь УИХ-ын гишүүн О.Содбилэг. Тэрбээр энэ
сарын 11-ний өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа нэгэн ноцтой мэдээллийг
тавьж " Надад та бүхний туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна хэмээн дараах
ноцтой гэмээр мэдээллийг тавьсан юм.
Тэрбээр "Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол
Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан
бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас
С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин, тогоочоороо С.Зориг агсныг
захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж аавыг
минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн.
Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр
хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ?"
хэмээн тун ноцтой мэдээллийг хүргэж үүнийгээ олон хүнийг цааш нь
дамжуулахыг хүссэн юм.
Хэрвээ уншигчид санаж байгаа бол Б.Булганыг саатуулахаас өмнө
Эрдэнэтээс хоёр хүнийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан саатуулсан гэх
мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Тэгэхээр магадгүй О.Содбилэг гишүүний
хэлсэнчлэн малчин, тогооч хоёрыг нь саатуулсан уу гэдэг асуултын тэмдэг
бас л гарч ирж байна.
Угтаа бол Ш.Отгонбилэг агсан өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч
С.Зориг агсныг хөнөөлгөсөн гэдэг асуудал хэсэг хүмүүсийн хүрээнд
яригдаад эхэлснийг гишүүн мэдээллээ гэсэн үг. Ямартай ч 17 жилийн өмнө
төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хэн аймшигтайгаар хөнөөсөн бэ
гэдэг маш олон асуултын тэмдгүүд ар, араасаа гарч ирсээр байна. Гэвч
талийгаачийн энэхүү үхэлд яг хэн гэдэг этгээд буруутай юм бэ гэдэг нь
магадгүй тодорхойгүй байсаар энэ хэрэг замхарч байж ч мэднэ.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл