Төрийн өмчийн хороог татан буулгах сурагаар бушуухан Монголын төрийн мэдлийн эзэмшил хувь хэмжээ, хувьцаа сэлт байвал "лангуун дээр тавиад зарчихъя”, "хятадууд л мөнгөтэйгээрээ авна биз” гэсэн айдас хүйдэс төрүүлж эхэллээ.
Өчигдөр хамгийн дуулиан тарьсан мэдээлэл гэвэл "УБТЗ” гэдэг компанийн гүйцэтгэх захирал хувьцаагаа хятадуудад зарах гэж байна гэсэнтэй ижил утгатай албан бичиг сайд нарын хооронд шидэгдэж, үүнд монголчууд төдийгүй "УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга В.Н.Морозов, ОХУ-ын тээврийн орлогч сайд А.С.Цыденов хүртэл гайхширч бухимдсан гэнэ.
Монголын Зам, тээврийн сайд М.Зоригт энэ сарын 26-нд ОХУ-д ажлын айлчлал хийх товтой байгаа, үүнийг угтуулан "УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарыг огцруулж, оронд нь эдүгээ Зам тээврийн сайдын зөвлөхөөр ажиллаж буй Л.Хангай, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарын нэрийг санал болгож буй гэлцэх болсон. Үүний бэлтгэл ажил болгож Монгол, Орос, Хятадын Тээвэр ложистикийн хамтарсан компани байгуулж "УБТЗ” ХНН 50 хувь, Хятадын тал 49 хувийг эзэмших яриа хэлэлцээр дээрх гурван улсын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын протоколын төвшинд явж байгааг мушгин гуйвуулсан хариуцлагагүй үйлдэл болсон хэмээн Ерөнхий хорооны Оросын талын гишүүд үзэж байгаа аж.
Энэ тухайгаа ч албан бичгээр холбогдох хүмүүст ирүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ийнхүү Л.Пүрэвбаатарыг "явуулахын тулд” УБТЗ-ын хувьцааг Хятадын тал руу хэсэгчлэн шилжүүлэх нь гэсэн логик муутай үлгэр зохиож, хамгийн харамсалтай нь эрх зүйн талаас нь хангалттай мэдээлэлтэй сайд нар үүнийг хоорондоо шидэлцэж хэвлэл мэдээлэлд тэр нь нийтлэгдэж шившгээ тарьж орхив. Үүнд оросууд ихээхэн дургүйцэж, хэн нэгнийгээ УБТЗ-ын даргад зүтгүүлсэн "улс төр”-өө учиртайхан хийхийг анхааруулж эхлээд байна.
С.Зэндмэнэ
Сэтгэгдэл