Л.Пүрэвбаатар даргын үнэтэй суудал хоёр улсын харилцаанд сэв суулгах нь


Л.Пүрэвбаатар даргын үнэтэй суудал хоёр улсын харилцаанд сэв суулгах нь
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Улаанбаатар төмөр зам"-ын дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн.
 
Тэрбээр УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нь төмөр замын хувьцааг Хятадад зарах тухай ярьж байгаа нь хоёр улсын яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж буйг дурдсан юм.  УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  хувьцааг Хятадад шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гараагүй. Гэтэл Л.Пүрэвбаатар Оросын талд төмөр замын зарим хувьцааг Хятадад шилжүүлэхээр яриа хийж байгааг мэдэгдсэн байна.
 
Энэ нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч хөрөнгийг шийдвэрлэх хоёр улсын яриа хэлэлцээг гацаагаад байгаа аж. Тиймээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарын энэ үйлдлийг анхаарч, арга хэмжээ авахыг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон салбарын сайд М.Зоригт нараас хүссэн юм. Харин үүний дараа УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар мэдээлэл хийж байр сууриа илэрхийлсэн юм.
 
Тэрбээр "Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал.
 
Би Хятадын талд юу ч санал болгоогүй. Надад гадаад дотоод гэрээ хэлэлцээр хийж явах ямар ч шаардлага байхгүй. Д.Пүрэвсүрэн сайд надад хариуцлага тооцох тухай албан бичгийг Засгийн газрын тэргүүн болон салбарын сайдад хүргүүлсэн байна билээ. Тиймээс хувьцааны асуудлаар хаанаас, хэнээс ямар хариуцлага хүлээх ёстойгоо ойлгохгүй байна” гэж мэдэгдсэн юм.
 
Тэгвэл өчигдөр ЗТЯ-ны сайд М.Зоригт өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлж уг асуудлаар "Оросын зам" НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх "УБТЗ" ХНН- ийн Ерөнхий хорооны дарга Морозов, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч Г.Ганболд, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарт хандан албан бичиг илгээсэн байна.
 
Тэрбээр уг албан бичигтээ "Л.Пүрэвбаатарыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн учраас түүнд хариуцлага тооцох ёстой” хэмээн дурьджээ. Ямартай ч салбарын сайд нь нэр бүхий хүмүүст заавал ч үгүй Л.Пүрэвбаатарт хариуцлага тооц гэх үүргийг өгчихлөө. Тэгэхээр дээрх нэр бүхий хүмүүсийн хэн нь худлаа ярьж хэн нь үнэн яриад байгааг уншигчид бид аль ч өнцгөөс нь харсан ойлгомжгүй байгаа юм.
 
Уг нь Л.Пүрэвбаатар дарга уржигдар хийсэн мэдээлэлдээ "Монгол, Орос, Хятад гурван улсын хамтарсан тээвэр логистикийн компани байгуулах асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгааг мушгин гуйвуулж яриад байх шиг байна. Яг үнэндээ Гадаад хэргийн сайдын ард Ё.Манлайбаяр гэх хүн бий. Энэ хүн өмнө нь Зам, тээврийн яамны газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Одоо Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа” хэмээсэн.
 
Тэгэхээр энэ асуудал үнэхээр хэн нэгний зохион байгуулсан албан тушаалын төлөөх дайн уу гэдэг асуудал үүсч буй юм. X э р в э э Л.Пүрэвбаатар дарга үнэхээр төмөр замын хувьцааг Хятадад зарах тухай ярьсан бол хоёр улсын яриа  хэлэлцээрт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Эцэст нь хэлэхэд төмөр замын тулаан төрийн бичгээр үргэлжилж Ерөнхий сайдыг хүртэл эвгүй байдалд оруулаад авлаа даа кабинетийн гишүүд нь.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.