УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хятадын компанид 50 га газар олгож, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын эрх ашигт ноцтой халдсан гэх мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэлд УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр /2020.08.25/ үгүйсгэсэн тайлбар хийлээ.
Тэрээр "Миний бие 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны зургадугаар сарын 27-ны өдөр хүртэл нийслэийн захирагчийн үүрэгт ажлыг хашсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа 50 га газрын асуудал ерөөсөө байхгүй. Нийслэлийн газрын албаны болон бусад ажилчид, албан хаагчдын, хувь хүний нэр хүндэд үндэслэлгүйгээр, зохион байгуулалттайгаар халдаж байна. Иймд БНХАУ-ын ямар нэгэн компанид 50 га газрыг ХАА битгий хэл бусад ямар ч зориулалтаар олгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагууд хувь хүний нэр хүндийг зориудаар унагаж байгаад харамсаж байна. Бид олон улсад найрсаг харилцаатай улс орнуудын эрх ашиг, нэр хүндэд хүндэтгэлтэй хандах ёстой. С.Амарсайханыг үгүйсгэж, гүтгэж болно. Гэхдээ хуулийн хэмжээнд, хязгаартай байх ёстой. Би УИХ-ын гишүүний хувиар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Энхманлай нарт албан бичгээр хандаж, миний бие 50 га газрыг хятадын компанид олгосон эсэхийг тодруулж өгөхийг хүссэн. Үүний хариу албан бичигт намайг БНХАУ-ын иргэн, ААН-д газар олгоогүй гэдгийг баталсан байгаа. Ер нь ямар нэгэн байдлаар газрын эрх нь цуцлагдсан, ашиглахгүй байж байгаад олон нийтийн өмчид өгсөн газрын эздийн явуулга, зарим улс төрийн зорилготой хүмүүсийн иймэрхүү мэдээлэлд няцаалт хийх зайлшгүй шаардлага байлаа" гэлээ.

Сэтгэгдэл